Бээжинг эсэргүүцсэн 2014 оны олныг хамарсан жагсаал тэмцлээс хойш анх удаа Хятадын өндөр албан тушаалтан Хонгконгод айлчиллаа. Хятадын гуравдугаар хүн гэгддэг Жан Дежян Хонгконгод айлчлалын үеэр аюулгүй байдлыг чангатгажээ. БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дежяний айлчлал Хонгконгод өнөөдөр /2016.05.17/ эхэлж, олон мянган цагдаа хамгаалалтад гарсан байна. Түүнчлэн Хонгконгийн ардчиллын төлөөх жагсагчдын лоозон байрлаж байсан уулын оройгоос тийрэлтэт зэвсгээр гал нээхээс сэргийлэн цагдаа нар хамгаалалтдаа авсан тухай орон нутгийн хэвлэлд мэдээлжээ. “Бээжингээс улс төр, эдийн засгийн хараат бус байх хүсэл эрмэлзэл Хонгконгийн залуусын дунд өндөр байна. Гэвч Бээжинтэй харилцаа хэрхэн өөрчлөгдсөнөөс Хонгконгод ямар аюул учирч болохыг залуус мэдэхгүй байна” хэмээн аюулгүй байдлын экс дарга Режина Ип ярьжээ. Хонгконг нь ус, хүнс, эрчим хүчээр Хятадаас хамааралтай байдаг аж.
Хонгконгод 2014 онд сонгуулийн бүрэн эрхийг шаардсан олон мянган хүн гудамжид суулт зарлан, жагсаал зохион байгуулсан юм. Хятадын эрх баригчид ирэх 2017 оноос Хонгконгод сонгуулийн бүрэн эрхийг олгохоор амлаж байсан ч нэр дэвшигчдийг Бээжинд хянуулах болзол тавьжээ. Олон сар үргэлжилсэн жагсаал цуглааныг Хонгконгийн удирдлагууд хүчээр тараасан билээ.
Эх сурвалж: Reuters
Б.АНХТУЯА