-Монголын бараа бүтээгдэхүүнийг Солонгосын “e mart”–ийн экспертүүдэд таниулах зорилго бүхий “Export to Korea” үзэсгэлэн нээгдлээ-
БНСУ-д аж төрж буй буй болон тус улсад олон цөөн хоногоор зочлоод ирсэн хэн бүхэнд хамгийн танил сүлжээ дэлгүүр бол "e mart" юм. Хаана л бол хаана тааралддаг "e mart", "Lotte mart" гэх хоёр том сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлээгүй буцвал Солонгост очсон гэж хэлээд ч яах вэ гэсэн хэлц үг ч монголчуудын дунд бий. Тэгвэл монголчуудыг, цаашлаад солонгосчуудаа, тус орныг зорьсон гадаадын иргэдийг соронз мэт татсан “e mart” сүлжээ дэлгүүрийн салбар Монголд тун удахгүй нээгдэх гэж байна. Салбар нь Улаанбаатарт үүдээ нээхтэй зэрэгцэн дуулгасан бас нэгэн онцлох мэдээ гэвэл “e mart”-ийн сүлжээнд “Made in Mongolia”-г нэвтрүүлэх гэж байгаа тухай мэдээлэл юм. Монголын бараа бүтээгдэхүүнийг Солонгосын “e mart”–ийн экспертүүдэд таниулах зорилго бүхий “Export to Korea” үзэсгэлэнг өнөөдөр /2016.05.17/ “Скай трейдинг” компаниас МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна.
Үзэсгэлэнд Өмнөд Солонгосын зах зээлд нийлүүлэх боломж бүхий 30 гаруй компанийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлжээ. Ноос, ноолууран бүтээгдэхүүнүүд үзэсгэлэнгийн хүндтэй байршлыг эзэлсэн хэвээр. “Говь”, “Алтай кашемир”-ээс эхлээд хаана ч тэр Монголоор овоглодог эсгий эдлэл, ангийн үслэг хувцаснуудыг манайхан төрөл бүрээр нь үйлдвэрлэдэг болжээ. Ангийн үс, үслэг бүтээгдэхүүн гэхээр өвөл л өмсөж эдлэх ёстой мэт баригдмал сэтгэлгээг халж, хавар, намрын хүйтэн, зуны сэрүүн орой ч өмсөж болохуйц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болжээ. Төрөл бүрийн ангийн арьсыг ноос, ноолуур, даавуутай хослуулан бүтээсэн хувцаснууд хаана ч гологдохооргүй загварлаг. Тиймээс “e mart”-ийн сүлжээнд Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг оруулах боломжтой гэж харснаа “e mart” сүлжээ дэлгүүрийн “Глобал сорсинг” хэлтсийн ахлах мэргэжилтэн Ан Ён Ми хэллээ.
Монгол хүнсний магнайд идээ, ундааны дээж тавиастай. Архи үйлдвэрлэлээрээ Монгол дэлхийд дээгүүр давхина. Улаан буудайн цэвэр спиртээр үйлдвэрлэдэг Монголын архины чанар бүү хэл сав баглаа боодол үнэндээ тасархай. Юун Япон, Америк. Харин алкоголийн хувьд далайн бүтээгдэхүүн, ургамлын гаралтай хүнс хоол голчлон хэрэглэдэг хүмүүст арай л хатуудаж мэднэ. Гэсэн ч “e mart”-ийн экспертүүд Монголоос экспортолж болох бүтээгдэхүүний тоонд архийг нэрлэнэ лээ.
Монголчууд байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ онцлог юм гэж Солонгосынхон үнэлжээ. Тиймээс ч элдэв хольц, нэмэлт химийн бодисгүй байгалийн органик бүтээгдэхүүнүүдийг илүүтэй анзаарчээ. Эдгээрийн нэг болох жамц давсаар хийсэн гэрлэн бүрхүүлийг ихэд сонирхож байлаа. Жамц давсыг дангаар нь савлан худалдаалсан ч болохгүй гэх газаргүйг мөн тодотгосон юм.
Ийнхүү Монгол бүтээгдэхүүнийг БНСУ-ын зах зээлд худалдан борлуулах боломж нээгдэж мэдэх нь. Гэхдээ яг худалдаад эхэлбэл тээвэрлэлт, үнэ ханшаас эхлээд тулгамдах, зохицуулах асуудал олон бий. Чухам тиймээс ч Монголд үйлдвэрлэсэн олон төрлийн органик, сайн чанарын бүтээгдэхүүнүүд зөвхөн Монголдоо л үлдээд байгаа хэрэг л дээ. Амт чанараараа гайхуулж болох бүтээгдэхүүний тоонд монгол малын мах, махан бүтээгдэхүүн, тэр дундаа хиам ордог. Хаанаас чиг ирсэн гийчид монгол мах, хиамыг амтархан зооглодог. Харамсалтай нь экспортолъё гэхээр хил гаалиар нэвтрүүлэх, хорио цээр, тээвэрлэлт, хадгалалт хамгаалалтын тал дээр асуудал үүсдэг билээ. Гарчигт өгүүлсэнчлэн “Made in Mongolia” шошготой бүтээгдэхүүнүүд Солонгост худалдаалагдаж байвал хэчнээн сайхан. Тэнд ажиллаж, амьдарч буй олон мянган монголчууд бахархах бахдах зүйлтэй болох төдийгүй 60 сая солонгосчуудын таашаалд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал компаниуд худалдаа, борлуулалтад санаа зовохгүйгээр үйлдвэрлэл эрхлэх боломжтой болно гэсэн үг юм.
“e mart” сүлжээ дэлгүүр Солонгос даяараа 160 гаруй салбартай. Солонгосын хаана ч бүтээгдэхүүн нь нэг л үнэ ханшаар борлуулагддаг энэ том сүлжээний салбар тун удахгүй Улаанбаатарт үүдээ нээнэ. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт “Sky” их дэлгүүрийн дэргэд баригдаж буй дэлгүүрийн барилгын ажил дуусах шатандаа орсон гэнэ. Уг сүлжээгээр Солонгосоос гадна “e mart”-ийн сүлжээнд нэгдсэн гадаадын олон улс орны бараа, бүтээгдэхүүнийг монголчууддаа хүргэнэ гэж “Скай трейдинг” компанийн гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэ онцолж байлаа. Түүнчлэн “e mart” сүлжээ дэлгүүрийн Монгол дахь салбар бол Монголын шилмэл бүтээгдэхүүнийг шинэ тутамд нь түгээх жишиг дэлгүүр болно гэдгийг ч тодотгож байна.
Солонгосын “e mart” сүлжээ дэлгүүр нь 1993 онд нээлтээ хийснээс хойш өдгөөг хүртэл чанартай бүтээгдэхүүнийг харьцангуй хямд үнээр түгээдгээрээ алдартай. 1998 оны хямралын үед ч хэрэглэгчдээ алдаагүй ганц сүлжээ бөгөөд өдгөөг хүртэл салбар, сүлжээгээ өргөтгөсөөр, хамтран ажиллагсдаа тэлсээр ирсэн байна.