“Санал хураахаас 30 хоногийн өмнө чуулган завсарлана”

Хуучирсан мэдээ: 2016.05.17-нд нийтлэгдсэн

“Санал хураахаас 30 хоногийн өмнө чуулган завсарлана”

УИХ-ын хаврын чуулган эхлээд хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Өнөө жил УИХ-ын сонгууль болно, сонгуультай жил УИХ-ын чуулганыг хэдийд завсарлуулахаар хуульд заасан байдаг талаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас тодрууллаа.

-Жилд бүрийн хаврын чуулган наадмын өмнө завсарладаг ч энэ жил УИХ-ын сонгуультай учраас түүнээс өмнө завсарлуулж таарах байх. Хуульд энэ тухай хэрхэн зохицуулсан байдаг юм бол?

-Хаврын чуулганыг дөрөвдүгээр сарын 5-наас долдугаар сарын 1-ний хооронд хуралдуулдаг хуулийн зохицуулалттай. УИХ-ын сонгууль товлон зарласан нөхцөлд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн саналыг харгалзан УИХ-ын дарга захирамж гаргаж, чуулганыг сонгууль болохоос 30 хоногийн өмнө завсарлуулж болно гэсэн заалт УИХ-ын тухай хуульд бий. Энэ жил УИХ-ын сонгууль зургадугаар сарын 29-нд товлогдсон. Санал хураах өдрөөс нааш тоолоод 30 хоног хүртэл хугацаагаар УИХ-ын чуулган завсарлана гэж харж байна.

-Хугацааг нь хөөхөөр тавдугаар сарын сүүлээр чуулган завсарлана гэсэн үг үү?

-Тавдугаар сарын сүүл, зургадугаар сар гаргаад л завсарлах байх. УИХ хуулийн хэлэлцүүлгээ харна. Түүнээс хамаарч УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл асуудлыг хэлэлцээд энэ бүхнээс хамаарч УИХ-ын дарга захирамжаа гаргана.

Сонгуулийн тухай хуульд зааснаар энэ жилийн сонгуулийн сурталчилгаа хийх хугацаа богино, шахуу байгаа. Хугацааны хувьд арай өөр сонгууль болно гэж харж байна. Гэвч одоогоор хэзээ чуулганыг завсарлуулах талаар яриагүй байна.

-УИХ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн гол хуулиудаа баталж чадсан байгаа юу. Ерөнхий төлөв яаж гарч байна вэ?

-Хаврын чуулган бүрээр хэлэлцдэг хугацаатай хэдэн асуудлууд байдаг. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, үндсэн чиглэлийн биелэлтийг ярих ёстой. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны  төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл батлагдах ёстой. Дээр нь дараа жилийн үндсэн чиглэлийг батлах ёстой.

Мөн өнгөрсөн жилийн төсвийн гүйцэтгэлийг УИХ-аар ярих учиртай. Сонгууль болохтой холбогдуулж сонгуулийн өмнөх улс орны эдийн засаг, нийгмийн байдлыг хэлэлцдэг хуулийн хугацаатай асуудлууд ч бий. Энэ бүхнийг УИХ хэлэлцэж шийднэ.

Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай том хуулийн төслүүд өнгөрсөн долоо хоногт батлагдлаа. Өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай, Прокурорын тухай хууль хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна.  Эдгээр хууль батлагдахаар өнгөрсөн намрын чуулганаар батлагдсан Эрүүгийн болоод Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс нь цогцоороо бүрдэнэ. Энэ хуулиуд бүгдээрээ ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тэр хүртэлх хугацаанд хууль, шүүхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд хуулийг хэрэгжүүлэх ажлын бэлтгэлийг хангах ёстой, энэ чиглэлээр ажиллаж байгаа болов уу.

Ирэх долоо хоногт дээр нэрлэсэн хоёр хуулийг батлах хүлээлттэй байна. Бусад чухал асуудал олон бий. Үлдсэн хугацаандаа эрчимтэй ажиллавал бусад хуулиудаа мөн баталж амжина гэсэн хүлээлттэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж