Лэди Гагад Тайвань таалагджээ. Өвөрмөц загварын хар хувцас өмсөж, хиймэл үсэн дээрээ гурван ширхэг цагаан сарнай хатган гоёсон түүний тоглолтыг үзэхээр 6000 хүн Тайпэй хотын задгай театрт цугларсан бол гадаа гудамжинд нь 40 мянган хүн том дэлгэцээр тоглолтыг нь шимтэн үзсэн байна. “Ийм олон хүн миний тоглолтыг үзэхээр ирнэ гэж бодоогүй” хэмээн поп од өгүүлжээ. Тэрбээр “Born This Way” шинэ цомгийнхоо сурталчилгааг хийн дэлхийг тойрон аялж байгаа билээ.
Лэди Гага ирэх жил Ази даяар аялан тоглолт хийнэ гэдгээ сэтгүүлчдэд мэдэгдэн, амлалаа. 25 настай дуучин бүсгүй “Форбс” сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад дээгүүр бичигдэх болсон. Одоо тэр Сингапурт тоглолтоо хийхээр ирээд байна.