“Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ыг Монгол Улсын сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран гаргажээ. Журмын 1.3-т зааснаар санал авахаас 45-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн сурталчилгаа явуулах эрхтэй өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн жагсаалтыг гаргаж олон нийтэд мэдээлнэ гэжээ. Энэ хүрээнд сонгуулийн сурталчилгаа явуулах эрхтэй 18 телевиз, нийслэлийн 31 радио, орон нутгийн 74 телевиз, 96 радиогийн нэрсийг гаргажээ.
Энэ удаагийн сонгуулийн сурталчилгааг зөвхөн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ явуулах эрхтэй телевизүүд явуулна хэмээн зохицуулсан. Нэрсийг жагсаалтыг ЭНД-ээс харна уу.
Тухайлбал, журмын 3.3 дахь хэсэгт “Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг олон нийтийн радио телевиз болон бусад өргөн нэвтрүүлгийн радио, телевизээр нэвтрүүлнэ” хэмээн заажээ. Энэ нь кабелын телевизүүд сонгуулийн сурталчилгаа явуулах эрхийг нь хязгаарлаж буй хэмээн зарим телевизийнхэн бухимдалтай байгаа. Тэдний энэ эсэргүүцэл үргэлжилсээр л байгаа юм.
Ямартай ч дээрх жагсаалтад багтсан телевиз, радио нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө эхлүүлнэ. Харин санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгах тухай журамд онцолжээ.
Мөн нэр дэвшигчийн талаарх дагнасан сурталчилгааг хоногт 15 минутаас илүүгүй байхаар журамласан байна.
Дээрх телевиз, радиогийн хувьд санал авахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргэсэн байх шаардлагатай юм байна. Гол нь сурталчилгаа явуулах нарийвчилсан цагийн хуваарь, үнэ тарифын мэдээллийг хавсаргах аж.
Цаашлаад журмаар улс төрийн нэвтрүүлэг, мэтгэлцээнд оролцох нэр дэвшигчдийн тоог ч зааж өгчээ. Тухайлбал, журмын 2.3 дугаар зүйлд “Радио, телевиз нь улс төрийн мэтгэлцээний нэвтрүүлэг, хөтөлбөрт нэг намын бус, түүнчлэн бие даагч хэд хэдэн нэр дэвшигч, эсхүл өөр өөр нам, эвслийн дөрвөөс доошгүй төлөөлөл оролцуулсан байна” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, телевиз, радио улс төрийн нэвтрүүлэг, мэтгэлцээн явуулахдаа нэр дэвшигчдийн тоо, нам эвсэлд нарийн анхаарах шаардлагатай болж байна.
Мөн журмын 2.2 дугаарт “Сонгуулийн сурталчилгааг улс орны болон дэлхий дахины амьдралын цаг үеийн шинжтэй үйл явдлын талаарх тогтмол мэдээ, мэдээллийн нэвтрүүлэг, боловсролын болон хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн дундуур нэвтрүүлэхийг хориглоно” гэсэн байна.
Дээрх телевиз, радионууд сонгуулийн сурталчилгаа явуулахдаа зөрчил гаргавал эрхийг нь зургаан сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэхээр журамлажээ. Гэхдээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас дүгнэлт гаргах юм байна. Ингээд зөрчил гаргасан өдрөөс нь эхлэн зургаан сар хүртэлх хугацаагаар тусгай зөвшөөрлийг нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос түдгэлзүүлэхээр журамлажээ.
Журмын эх хувилбарыг ЭНД-ээс харна уу.
Б.ЗАЯА