Ялалтын баярыг Улаан-Үд хотод тэмдэглэсэн нь

Хуучирсан мэдээ: 2016.05.17-нд нийтлэгдсэн

Ялалтын баярыг Улаан-Үд хотод тэмдэглэсэн нь

-Буриадын 120 мянган хөвгүүний гуравны нэгээс илүүгүй нь төрөлх нутагтаа эргэн ирээгүй юм

Яг 71 жилийн өмнөх шиг нарлаг өдөр байлаа

2016 оны тавдугаар сарын 9-ний өдөр Буриадын нийслэл Улаан-Үд хотноо өдгөөгөөс 71 жилийн өмнөх Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлт Холбоот Улс ялсан 1945 оны тавдугаар сарын 9-нийх шиг нарлаг сайхан өдөр байв. Яг л 71 жилийн өмнөх шигээр өнөөгийн Улаан-Үд хотын оршин суугчдын зүрх, сэтгэл Аугаа их ялалтын баяр бахархал, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их цус асгаруулсан аймшигт дайнд амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх бишрэлээр дүүрэн байлаа.

Буриадын ард түмэн эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө их хохирол амссан билээ. Байлдааны ажиллагаанаас алс хол, тэртээ ар талд, Дорнод Сибирийн Байгал нуурын эрэгт оршиж, тэр үед Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Буриад-Монгол Улс гэдэг байсан хүн ам цөөтэй тус бүгд найрамдах улс Эх орноо хамгаалах ариун үйлсэд 120 мянга гаруй хөвгүүнээ илгээж, тэднээс гуравны нэгээс илүү нь төрөлх нутагтаа эргэж ирээгүй ажээ.

Дайны жилүүдэд Буриад нутаг, түүнчлэн Усть-Ордын болон Агийн буриадын автономит тойргийн 37 иргэн Зөвлөлт Холбоот Улсын баатар гэдэг эрхэм дээд цол, 10 дайчин Алдрын бүх зэргийн одон хүртжээ.

Улаан-Үд хотод цэргийн парад өглөөний яг арван цагт эхэлж, тугчид ОХУ-ын төрийн далбаа болон Ялалтынхтай адилхан Тугийг залан гарч ирэв. Тэдний араас шинэ үеийн байлдааны болон тусгай зориулалтын 38 нэгж техник гарч ирж, Зөвлөлүүдийн талбайгаар, тухайлбал, БТР-80, БТР-82а хуягт тээвэрлэгчид явж өнгөрөв. Үүнээс гадна, “Искандер-М” гэдэг шинэ цогцолбор болон тийрэлтэт “Ураган” систем үзэгчдийг алмайруулсан юм. Буриадад байрладаг Дорнод нутгийн цэргийн тойргийн анги, нэгтгэлийн 1200 орчим цэргийн алба хаагч, түүнчлэн хүчний бусад байгууллагын төлөөлөгчид парадад оролцов.

Дайны болон ар талын ахмад дайчдад Аугаа их ялалтын 71 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж, одоо нэгэнт бидний дунд байхгүй болсон тэр хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхээр Улаан-Үд хотын олон мянган оршин суугч иржээ. Хотын иргэд туг далбаа, янз бүрийн өнгийн бөмбөлөг барьж, Георгийн тууз зүүж, дайн тулааны талбарт амь үрэгдсэн ойр дотнын хүмүүсийнхээ хөргийг барьсан байв. Буриадын нийслэлийн оршин суугчид, зочин гийчид бүр өглөөнөөс хотын төвд ирцгээжээ. Улаан-Үд хотод ганц удаа ч болов ирж байсан монголчуудын Лениний том толгойт баримлаар нь сайн мэддэг Зөвлөлүүдийн талбай баярын жагсаалыг үзэж сонирхохоор хүрэлцэн ирсэн бүх хүнийг багтаан ядаж байв уу гэлтэй. Хүүхэд, багачууд гудамжны сандал, ургаа мод болон  бусад байж л болох өндөрлөг дээр гарсан харагдана.  Тавдугаар сарын 9-ний өдрийн цаг агаар ч сайхан, нарлаг, дулаан байлаа.

Энэ жил парадын зэрэгцээ “Үхэшгүй мөнхийн хороо” гэдэг арга хэмжээ гурав дахь жилдээ болсон юм. Жагсагчдын эхэнд Буриадын удирдагчид явж байлаа. Буриадын тэргүүн Вячеслав Наговицын, Ардын хурлын дарга Цэрэн Доржиев, Улаан-Үд хотын дарга Александр Голков нар Зөвлөлүүдийн талбайгаас Ялалтын дурсгалын цогцолборт оршин суугчдын хамт явган явж очив. Дайнд оролцсон бөгөөд өнөөдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн төрөл төрөгсөд, ойр дотнын хүмүүсийнхээ хөргийг барьсан хүмүүсийн цуваа Зөвлөлүүдийн талбайг дайран Коммунистическая гудамжаар, Буриадын улсын филармонийн байрны хажуугаар өнгөрч, дараа нь доошоо Балтахиновын гудамжаар уруудан Ялалтын дурсгалын цогцолбор болон Хувьсгалын талбайд хүрсэн юм. Жагсагчдын цувааны хамт цэргийн найрал хөгжим болон хотын үлээвэр найрал хөгжмийнхөн явж байлаа. “Үхэшгүй мөнхийн хороо”-ны цуваанд явж байсан хүмүүст эгнээгээ барьж, чиг зүгээ олоход сайн дурынхан тусалж байв.  Зарим хүн дайнд амь үрэгдэгсэд болон оролцогчдын дурсгалыг хүндэтгэхээр бүр гэр бүлийнхнийхээ хамт ирсэн байв.

Ялалтын дурсгалын цогцолборт бүх ахмад дайчин, “Үхэшгүй мөнхийн хороо” ажиллагаанд оролцогчид болон Улаан-Үд хотын оршин суугчдыг ирсний дараа тэнд цуглаан, цэцэг өргөх ёслол болсон юм. Улаан-Үд хотын оршин суугчид цэрэг эрсийн агшаамал будаа амсаж, Улаан-Үд хотын цэргийн ангиудын зэвсэглэлд байгаа байлдааны техниктэй танилцсан. Аугаа их ялалтын 71 жилийн ойд зориулсан баяр ёслолын арга хэмжээ бүхэл өдөржингөө үргэлжлэв.

Улаан-Үд бол Орос улсын жишгээр бол, том биш ч, маш тохилог, нов ногоон хот билээ.  Иймэрхүү баяр ёслолын үеэр хот бүр ч их өөрчлөгддөг. Баярын уриа лоозон, цэрэг-түүхийн  шинжтэй бэлгэдэл энд тэндгүй харагдаж, хот үнэхээрийн сайхан гоёл чимгээ зүүж, улам ч гоё болдог юм. Сүүлийн жилүүдэд иргэд болон хотын захиргааны хүч чармайлтаар Буриадын нийслэл үндэсний хэв шинжээ хадгалсан орчин үеийн том хотын хэв маяг, цар далайц, хөгжлийн шинжийг олсоор байна.

Монголчууд ОХУ руу визгүй зорчдог болсон Буриадын эдийн засагт сайнаар нөлөөлж байна

Улаан-Үд хотод эдийн засгийн бэрхшээл ч бас бий.  Зах зээл, дэлгүүр хоршоонд бараа таваарын үнэ мэдэгдэм өсч, орон сууцны барилга барих хурдац удааширч, хотын төсөв болон хүн амын орлого багассаар байна. Өнөөдөр Улаан-Үд хотод дундаж цалин 33 мянган рубль байна. Хотын үйлдвэр, байгууллагууд өнгөрсөн нэг жилийн хугацаанд эрч хүчээ дайчлан ажилласнаар, бүтээгдэхүүний эргэлт, ачилтын хэмжээгээр нааштай үзүүлэлт гаргаж, бага бизнесийн сектор тэлжээ.  Бүхэлдээ Улаан-Үд хотын үйлдвэрүүдийн ачуулсан барааны хэмжээ 2015 онд 83 тэрбум гаруй рубль болжээ. Хэрэглээний зах зээл хадгалагдаж, тэр ч байтугай бага зэрэг өсч, жуулчдын урсгал найман хувиар нэмэгдсэн байна. Ингэхдээ Монгол Улстай визийн горимыг цуцалж, улмаар манай монгол жуулчдын тоо нэмэгдсэн нь үүнд багагүй тус дэм болжээ. Албан ёсны мэдээгээр, өнгөрсөн жил Буриадад, гол нь Улаан-Үд хотод  Монголын 300 мянга гаруй иргэн очиж, тэд худалдан авалтаараа  жижиглэнгийн худалдааны эргэлтийг 122 тэрбум рубльд хүргэж, бараа эргэлтийн өсөлтийн хурдцаар Сибирийн холбооны улсын тойрогт I байр эзлэх боломжийг Буриадад олгосон бөгөөд харин хөрш Эрхүү муж болон Өвөр Байгалын хязгаарт энэ үзүүлэлт 92,9  болон 89,9 хувь болж буурсан байх юм. Үүнээс гадна, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн тоо бараг 20%-иар өсч, харин Улаан-Үд хотын рестораны болон байр сууцаа хөлслүүлэгчдийн ашиг орлого нэлээд нэмэгджээ. 2015 оны 1-9 дүгээр сард байр сууц түрээслэгчдийн төлбөрт үйлчилгээний хэмжээ 20%-иар нэмэгдэж, 862 сая рубль болсон байна. Буриад, Монгол Улсын гадаад худалдааны эргэлтийн хэмжээ ч нэмэгдэж, он гарсаар 26,7 сая ам. доллар болжээ.

Монгол Улс, Буриадын нийгэм, соёлын харилцаа ч хөгжиж байна. Олон улсын уран бүтээлийн их наадам, спортын уралдаан тэмцээн уламжлал болж, хамтын төслүүд хэрэгжиж байна. Тухайлбал, Монгол Улсын “Jangar international”, “FSM media group” болон “Shimdee’s music” студид бүтээсэн хүүхэлдэйн “Жангар” киноны эхний ангийг энэ оны тавдугаар сарын 1-нд Улаан-Үд хотод үзүүлжээ.

Улаан-Үдэд суугаа Монгол Улсын ерөнхий консулын газрын дэд консул Гомбодоогийн Жаргалсайханы хэлснээр, монголчууд энд худалдаа наймаа хийхээр ирдэг төдийгүй бас Итгэлт хамбад мөргөхөөр Иволгийн дацанд шашны шинжтэй аяллаар ирэх нь олширч, зуны улиралд Байгал нуурт амрахаар зохион байгуулалттайгаар ирдэг аялагчдын тоо өсч байна. Улаан-Үдийн сургуулиудад хүүхдүүдээ орос хэлэнд сургахыг хүсч байгаа монгол иргэдийн тоо ч нэмэгджээ.

Өнөөдрийн Улаан-Үд хот 430 мянган хүн амтай, энд бага, дунд бизнесийн 6000 гаруй үйлдвэр, 150 зочид буудал, байр түрээслэгч 17 газар, есөн музей, дөрвөн кинотеатр, дөрвөн театр, 161 супермаркет, таван цэнгэлдэх хүрээлэнтэй юм.

Улаан-Үд хотын 350 жилийн ой тохиож байна

Энэ 2016 он бол Улаан-Үд хотын хувьд ойн жил. Хотын 350 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн баяр болох 2016 оны есдүгээр сарын 2, 3, 4-ний өдөр хамгийн сонирхолтой үйл явдлаар дүүрэн байх болно. “Цайны зам дахь Дээд Үдинск” гэдэг театрчилсан тоглолтын үеэр өргөн цараатай яармаг-худалдаа болж, “Олон соёлын яриа” концертод Монгол, Хятадын ах дүү хотуудын уран бүтээлийн хамтлагууд оролцож, “Миний нийслэл” наадмын уламжлалт жагсаалд хотын үйлдвэрийн газар, нийгмийн салбарын байгууллагууд болон үндэсний соёлын төвүүд оролцох юм. Улаан-Үд хотод аж төрдөг үндэстэн, ястнуудын өвөрмөц соёл, хотын баялаг уламжлал болон түүхээс энэ бүх арга хэмжээний үеэр харуулах юм байна.

Ахмад дайчид, тэдний ар гэрийг анхааран халамжилж байна

Саяын Ялалтын өдөрт нэлээд нухацтай, буурьтай бэлтгэжээ.  Буриадын хүн амын нийгмийн хамгааллын яамны мэдээгээр, одоо тус бүгд найрамдах улсад Аугаа их Эх орны дайны 13441 ахмад дайчин, түүний дотор ар талд ажиллаж байсан 9664 ахмад, дайнд оролцож явсан хөгжлийн бэрхшээлтэй 735 хүн,  тэдний 2465 бэлэвсэн гэргий аж төрж байгаа ажээ. Тэднээс гачигдаж зовж байгаа  бүх хүнд орон сууц олгож байна. 4347 хүнд холбооны улсын төсвөөс 3,8 тэрбум рублийн сууц олгосон бол, 2016 онд 86 хүнд 103,9 сая рублийн өртөгтэй сууц олгоно. Гэвч нийгмийн дэмжлэг үүгээр хязгаарлагдахгүй юм. Буриад болон Улаан-Үд хотын эрх баригчид ахмад дайчдын орон сууц-ахуйн нөхцөлийг сайжруулахад, харин сайн дурын ажилтнууд гэр орны ажил, жишээ нь  түлээ хөрөөдөх, ногооны талбайг арчлах,  гэр орон, хашаа саравчийг цэвэрлэхэд тусалдаг байна. “Орон сууцны байгууллагуудтай хамтран ахмадууд аж төрдөг олон байрны орцыг бүрэн судалж, эдгээрээс 113-ыг нь засварлаж, түүнчлэн хувийн секторын зам талбайг тохижуулсан юм” гэж Улаан-Үд хотын даргын тамгын газрын үүрэг гүйцэтгэгч О.Екимовский мэдэгджээ. Үүнээс гадна, протез-ортопедын үйлдвэрүүд ар талын ахмад, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон дайнд оролцогчдыг нөхөн сэргээх техник хэрэгсэл, таяг, суга таяг зэрэг тусгай хэрэгслээр хангаж байна. Харин эмнэлгийн байгууллагууд ахмад дайчдыг  шинжилгээнд хамруулж,  гэр орноор нь үзлэг, диспансерчлалд оруулж, эм, рашаан-сувиллын газруудад явах эрхийг бичгээр хангаж, замын зардлыг нь төлж байна.

Буриадын Засгийн газар өнгөрсөн сарын сүүлчээс ахмад дайчдад нэг бүрчлэн мэндчилгээ илгээжээ. Мөн энэ үеэс тэдэнд зориулсан баярын арга хэмжээ эхэлсэн байна. Тухайлбал,  байлдааны түүхэн зэвсэг, техник бүхий төмөр замын 22 вагонтой “Ялалтын арми” гэсэн нэртэй галт тэрэг тавдугаар сарын 2-нд Улаан-Үдэд иржээ. Дэлхийн аугаа их эх орны дайны төрөл бүрийн цэргийн дүрэмт хувцастай цэргийн албан хаагчдаас бүрдсэн хөтөч нар үзмэрүүдийг тайлбарлаж байв. Энд зөвлөлтийн ИС-3, Т-34 танк, танк эсэргүүцэх их бууны Су-100 төхөөрөг, дулаалгатай вагон, байлдааны домогт “Катюша”, домогт дайрагч Ил-2 нисэх онгоцны агаарын тулалдааныг дуурайлган үзүүлсэн интерактив үзмэрүүдийг үзүүлсэн байна. Тавдугаар сарын 4-нд Дуурь, бүжгийн театрт найрал дуу, “Улаан-Үд-миний Буриадын од!”  эх оронч сэдэвтэй дууны их наадам болов.  Тавдугаар сарын 9-ний өдөр “Ялалтын трамвай” хотоор аялж байлаа. Энэ трамвайгаар зорчсон хүмүүс дайны он жилүүдийн дуу хөгжим сонсож байв. Хотын паркуудад байлдааны техникийн үзэсгэлэн бүтэн өдөржингөө ажиллаж, хүүхэд, ахмадуудын болон бусад уран бүтээлийн хамтлагийн концерт тоглосон юм. Тэгээд Улаан-Үдэд баярын төгсгөлд ёслолын буудлага үйлдэв.

Улаан-Үд хотод болсон Ялалтын баярын өдөр, зохиогдсон арга хэмжээ, хамгийн гол нь хотынхны чин сэтгэлийн оролцоо нь энэ аугаа их баяр нь хуурамч дүртэй эх оронч үзлийг харуулах гэсэн Оросын эрх баригчдын арга хэмжээ биш, харин  Дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэсэн нийт ард түмний нэгдмэл санаа бодлын илрэл болсныг илтгэн харуулсан юм. Үүний нэг тод илрэл нь “Үхэлгүй мөнхийн хороо” төсөл байв. “Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд Зөвлөлтийн ард түмэнд монгол түмний үзүүлж байсан тусламж дэмжлэг, Халх гол болон Манжуураас эхтэй Зөвлөлт, Монголын цэргийн ах дүүгийн барилдлага нь тавдугаар сарын 9-ний Ялалтын өдрийг бидний нийтийн баяр хэмээн үзэх бүрэн эрхийг бидэнд өгч байгаа юм” гэж дэд консул Г.Жаргалсайхан хэлэв. Энэ жил Улаан-Үд хотод болсон Ялалтын өдрийн баяр ёслолд Монголын ахмад дайчид Батлан хамгаалах яамны ахмадууд ч оролцлоо гэж ноён Г.Жаргалсайхан төгсгөлд нь хэлэв.

БОРХОНДOЙ ИНДРА, сэтгүүлч

Улаан-Үд хот, 2016 оны тавдугаар сарын 9

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж