2016 оны тавдугаар сарын 9-ний өдөр Буриадын нийслэл Улаан-Үд хотод Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлт Холбоот Улс ялсаны 71 жилийн ойг сүр жавхлантай тэмдэглэлээ. Яг л 71 жилийн өмнөх шигээр өнөөгийн Улаан-Үд хотын оршин суугчдын зүрх, сэтгэл Аугаа их ялалтын баяр бахархал, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их цус асгаруулсан аймшигт дайнд амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх бишрэлээр дүүрэн байлаа.
Буриадын ард түмэн эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө их хохирол амссан билээ. Байлдааны ажиллагаанаас алс хол, тэртээ ар талд, Дорнод Сибирийн Байгал нуурын эрэгт оршиж, тэр үед Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Буриад-Монгол Улс гэдэг байсан хүн ам цөөтэй тус бүгд найрамдах улс Эх орноо хамгаалах ариун үйлсэд 120 мянга гаруй хөвгүүнээ илгээж, тэднээс гуравны нэгээс илүү нь төрөлх нутагтаа эргэж ирээгүй ажээ.
Дайны жилүүдэд Буриад нутаг, түүнчлэн Усть-Ордын болон Агийн буриадын автономит тойргийн 37 иргэн Зөвлөлт Холбоот Улсын баатар гэдэг эрхэм дээд цол, 10 дайчин Алдрын бүх зэргийн одон хүртжээ.