Тавантолгойн ордыг ашиглах тогтоолын төслийг мэдүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.05.17-нд нийтлэгдсэн

Тавантолгойн ордыг ашиглах тогтоолын төслийг мэдүүлэв

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг дөнгөж сая УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Тэрбээр өнгөрсөн өвөл энэхүү тогтоолын төслийг санаачилснаа мэдэгдэж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн болохоо УИХ-ын гишүүн Х.Баттулгын хамтаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж байсан юм.

Уг тогтоолын төсөлд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулах компанийг төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” ХК хамтран байгуулах зарчмыг тогтоосон бөгөөд хамтарсан компанид эзэмших хувийг 51-ээс доошгүй байхаар тогтоожээ.

Монгол Улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах-өмчлөх-шилжүүлэх нөхцөлөөр концесс эзэмших компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК эзэмших нь зүйтэй гэж үзсэн байна.

Мөн Засгийн газрын 2012 оны тавдугаар сарын 30-ний өдрийн 181 дүгээр тогтоол болон 2014 оны наймдугаар сарын 20-ний өдрийн 268 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор заажээ.

Засгийн газрын 181 дүгээр тогтоолоор “Эрдэнэс тавантолгой” ХК 1072 ширхэг хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн хувьцааг саналын эрхгүй байхаар шийдвэрлэсэн байдаг аж. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж төсөл санаачлагчид үзэн, хүчингүй болгох шийдвэрийг энэхүү тогтоолын төсөлд тусгасан юм байна.

Иймээс тогтоолын 4 дэх заалтаар “Эрдэнэс тавантолгой” ХК-д 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын иргэдийн болон аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлыг хамгаалж, тэдний эзэмшиж байгаа хувьца эдийн засгийн үр өгөөжтэй байх зохицуулалтыг гэрээнд тусгахыг үүрэг болгожээ.

Санхүүгийн зохицуулах хорооны мэдээгээр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 82.89 хувь буюу 12,433,326,819 ширхэг хувьцаа төрийн мэдэлд, 17.05 хувь буюу 2,558,175,510 ширхэг хувьцаа 2,475,201 иргэний нэр дээр, 0,06 хувь буюу 8,497,671 ширхэг хувьцаа Монгол Улсын 553 аж ахуйн нэгжийн нэр дээр тус тус бүртгэлтэй байгаа аж. Иймд “Эрдэнэс тавантолгой” ХК-д иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцаа болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байгаа хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний эрх ашгийг хангасан зохицуулалтыг Тавантолгой ордыг ашиглах гэрээнд тусгах үүргийг Засгийн газарт өгөх заалтыг УИХ-ын тогтоолд тусгах нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ.

Энэхүү төслийг УИХ-ын нэр бүхий 40 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байдаг аж.

Тогтоолын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж амжих уу гэсэн сэтгүүлчийн асуултад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “УИХ-ын дарга мэднэ” гэсэн товч хариулт өглөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж