Дэлхий дахинд бий болсон исламын терроризмын үйлдэлд барууныхан буруутай гэдгийг Ромын пап Францис мэдэгджээ. Ливи, Иракийн улс төрийн соёлын ул суурийг үл хүндэтгэн барууны гүрнүүд ардчилал хэмээх өөрсдийн брэндээ экспортлохыг хичээж байгааг тэрбээр шүүмжилжээ. Францис пап “Ливид өмнө нь нэг Каддафи байсан одоо 50 болсон” хэмээн иш татан ярив. АНУ тэргүүтэй холбоотнуудын дэмжлэгээр Ливийн удирдагч Муаммар Каддафиг 2011 онд суудлаас буулгаж, хороосон билээ. Гэвч үүнээс хойш Ливид тогтвортой байдал эргэн тогтож чадалгүй зөрчил тэмцэл үргэлжилсээр “бүтэлгүйтсэн улс” болсон юм.
Барууныхан санхүүгийн тусламжийн хариуд өөрийн үнэт зүйлээ тулгаж “соёлын колончлол” явуулж байна хэмээн Францис пап Францын “La Croix” католик шашны сонинд ярьсан байна. Мөн тэрбээр Лондон хотын даргаар мусульман хүн сонгогдсоныг сайшааж, Европ дүрвэгсдийг хүлээн авах илүү дээр бодлого баримтлах хэрэгтэй хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters
Б.АНХТУЯА