НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагийн тусгай элч, жүжигчин Анжелина Жоли дүрвэгсдэд тусламжийн гар сунгадаг олон улсын хүмүүнлэгийн систем сүйрч байгааг анхаарууллаа.
Анжелина Жоли “BBC”-д өгсөн ярилцлагадаа “улс орнууд дүрвэгч, цагаачдаас айж,цэрвэн, тэднийг хилээр оруулахгүй гэж байдаг чадлаараа хичээж байгааг шүүмжлээд тэднийг хүнээс дор үзэхгүй байхыг уриалсан байна.
Анжелина Жоли ярилцлагын үеэр “Одоо дэлхийн 122 орны 60 сая гаруй хүн төрөлх нутгаа орхин дүрвээд байна. Энэ бол өнгөрсөн 70 жилийн хугацаанд байгаагүй их тоо. Энэ бүхэн бол дэлхийн энхтайван, аюулгүй байдал алдагдсаныг та бидэнд харуулж байна. Зөрчил мөргөлдөөн улам газар авч байгаа нь дүрвэгсдийн тоо улам нэмэгдэхэд хүргэж байна. Гэвч нөгөө талаар санхүүжилтгүй болсноос дүрвэгсдэд туслах, тэднийг хамгаалах систем ч бас сүйрч байна. Хэзээ эргэж очихоо ч мэдэхгүй, орон гэрээ орхин, аз, зол жаргал хайн, амь насаа алдахыг ч үл тоон мянга, мянган хүн дүрвэж байна. Гэвч тэднээс нүүр буруулан хилээ хаах нь шийдэл биш. Хөршийнд чинь гал гарсан бол хаалгаа хаагаад галаас аврагдаж чадахгүйтэй адил” гэжээ.
НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагийн дарга дүрвэгсдийн хямрал дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгааг хүлээн зөвшөөрсөн билээ. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссар Филиппо Гранди хэлэхдээ “Улс орнууд дүрвэгсдээс нүүр бурууллаа гээд энэ асуудал шийдэгдэхгүй” гэсэн юм.
Н.ЭНХ