“Халтар царайт” телевизийн олон ангит киногоор бидэнд танил болсон Венесуэл улс экс ерөнхийлөгч Уго Чавесыг таалал төгссөнөөс хойш хамгийн хүнд цаг үетэй тулгарчээ. Ажилгүйдэл, инфляцийн түвшин нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эрчим хүчний хомсдол Венесуэлийн ард иргэдийг туйлдуулж байна. Өдөрт дөрвөн цаг ажиллах шинэ хуваарийг засгийн газраас баталж, эрчим хүчээ хэмнэхийн тулд цахилгааны хязгаарлалт тогтоосон нь тэдний бухимдлыг дээд цэгт нь хүргэжээ. Венесуэлийн ард иргэд ийм байдлаар удаан амьдарч чадахгүй болж, тэвчээр алдарч байгааг олон улсын хэвлэлүүдэд мэдээлж байна. Экс ерөнхийлөгч Уго Чавесын хэрэгжүүлсэн хүн амын цахилгаан барааны хангамжийг нэмэгдүүлэх нийгмийн хөтөлбөрийн хүрээнд Венесуэлийн нийт өрхийн 56 хувь нь компьютер, 80 хувь нь угаалгын машинтай болжээ. Гэвч өдрийн цагаар эрчим хүчний хязгаарлалт тогтоосноор цахилгаан хэрэгслээ ашиглаж чадахгүй байна.
Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесийн эрх барьсан 10 гаруй жилийн хугацаанд ядуурал 21 хувиас долоон хувь болтлоо буурсан аж. Уго Чавес 1999 онд төрийн эрхэнд гарсныхаа дараа шууд л иргэдийнхээ баян хоосны ялгааг арилгах, ядуурлыг бууруулахад бүх анхаарлаа чиглүүлж ажиллажээ. Үүний ачаар 2002 онд Венесуэлийн ДНБ 131.7 тэрбум ам.доллар хүрснээр нь Латин Америкийн орнууд дотроо нэг хүнд ногдох дундаж орлогоороо тэргүүлж байв. Гэтэл одоо Венесуэл Латин америкийн орнуудаас хамгийн өндөр инфляцтай улс болж хувираад байна. Тус улсын инфляцийн түвшин өнгөрсөн жилд 180 хувиар нэмэгдсэн аж. Венесуэлийн эдийн засгийн хямрал өдрөөс өдөрт хүндэрч байгаа бөгөөд хүнсний хомсдол 70 хувьд хүрчээ. Ард иргэдийн амьдрал туйлдаа хүрснээс хулгай, дээрэм тонуул гарах нь нэмэгдэж, тэнэмэл нохдоор хүнс хийх дээрээ тулсан байна.
Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро эдийн засгийн хямралд гадны хүчин зүйлийг буруутгаж байгаа юм. Түүний үзэж буйгаар газрын тосны үнийг өсгөхийн тулд олборлолтыг хязгаарлахыг үл зөвшөөрсөн “ОПЕК” буруутай. Венесуэлийн экспортын орлогын 90 хувийг газрын тосны экспорт дангаараа бүрдүүлдэг учраас үнийн уналт тус улсын эдийн засагт хүндээр тусч байна. Дэлхийн зах зээл дээр баррель газрын тосны үнэ өнгөрсөн онд 40 ам.доллараас унасан ч одоо бага зэрэг өсч эхлээд буй. Уго Чавес төр барих хугацаанд газрын тосны олборлолт, үйлдвэрлэлийн 51 хувиас доошгүйг төр эзэмшдэг болсон аж. Венесуэл нь дэлхийн хамгийн хямд шатахуунтай улс юм. Венесуэл нь газрын тосноос гадна кофе, нүүрс, никель, гадил жимс, цэцэг зэрэг 65 тэрбум ам. долларын бүтээгдэхүүн экспортолдог байна.
Үүний зэрэгцээ Венесуэлийн засгийн газрыг түлхэн унагаах зорилгоор АНУ тус улсын эсрэг хорлонт бодлого явуулж байгаа гэж Николас Мадуро хардах аж. Түүний ийн хардах үндэслэл нь АНУ-ын тагнуулын албаныхан Венесуэлийн улс төр, эдийн засгийн нөөц бололцоо шавхагдаж дууссанаар ерөнхийлөгч Николас Мадуро бүрэн эрхийн хугацаагаа гүйцээж чадахгүй гэх таамаглалыг хэлсэн байна. Мөн АНУ нь 2002 онд Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесийн эсрэг төрийн эргэлтийг дэмжсэнээс хоёр орны харилцаанд сэв суусан аж. Николас Мадуро Венесуэлд төрийн эргэлт хийхийг санаархсан гадны хүчний өдөөн хатгалгаас болгоомжлон 60 хоног онц байдал зарлан, хамгаалалтыг нэмэгдүүлснээ зарлав. Гэвч үнэн хэрэгтээ Венесуэлийн ард иргэд 2014 оноос хойш ерөнхийлөгч Николас Мадурог огцрохыг шаардан удаа дараа жагсаал зохион байгуулж, тэр болгоныг цагдаагийн хүчээр номхотгож ирсэн юм. Энэ хооронд Венесуэлийн сөрөг хүчин Николас Мадурог огцруулахын тулд аргаа барж сууна. Сөрөг хүчин Венесуэлийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн зургаан жилийн хугацааг дөрөв болгохын тулд үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг удаа дараа өргөн барьсан боловч Николас Мадуро Дээд шүүхийн эрх мэдлийг ашиглан няцаасаар байна. Венесуэлийн сөрөг хүчнийхэн ерөнхийлөгчийг асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг хүлээн зөвшөөрсөн 1.85 сая хүний гарын үсгийг Үндэсний сонгуулийн комисст хүлээлгэн өгчээ.
Венесуэлийн удирдагч Уго Чавес хорт хавдар өвчинтэй удаан тэмцсэний эцэст 2013 онд 58 насандаа таалал төгссөн юм. Түүний орыг залгамжилж, эхлүүлсэн үйл хэргийг нь үргэлжлүүлэх амлалт өгч Николас Мадуро Венесуэлийн төрийн эрхэнд гарч ирсэн юм. Автобусны жолоочоос ерөнхийлөгч хүртэл дэвшиж чадсан хэмээн шагшигдаж байсан Николас Мадуро өдгөө суудлаа хамгаалж үлдэхийн тулд маш том сорилттой тулгараад байна.