Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 21, 22-ны өдөр Ж.Вердийн "Трубадур" дуурийг тоглох гэж байна. Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн алдартай бүтээлийн нэг болох уг дуурь нь дөрвөн бүлэг, найман үзэгдэлтэй. "Трубадур" дуурийг анх 1853 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр тавьсан бол Монголын тайзнаа 1994 оны тавдугаар сарын 28-ны өдөр тоглож байжээ.
Энэхүү дуурь 15 дугаар зууны Испанид өрнөж буй иргэний дайны түүхэн цаг үе, түүний дунд хайр сэтгэл, өшөө хорсол, үзэн ядалт зэрэг хүний амьдралын мөн чанарыг хөгжмөөр гайхамшигтай илэрхийлж чадсан дуурь юм. Сонирхуулахад "Трубадур" дуурийг анх тавьсан өдөр аймшигтай, аянга, цахилгаантай бороотой байсан гэдэг.
А.СҮРЭН