Ширэн бээлийтнүүд энэ өдрүүдэд олон улсын гурван тэмцээнд хуваагдан оролцох гэж байна. РИО-2016 олимпийн эрхээ өвөртөлсөн ОУХМ Д.Отгондалай, Б.Чинзориг, Б.Түвшинбат нар дасгалжуулагч Д.Батсүрэнгийн удирдлага дор Кубад болох Кардова Кардинагийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцох ажээ. Тэмцээний өмнө манай тамирчид долоо хоногийн хамтарсан бэлтгэлд хамрагдана.
Дасгалжуулагч С.Эрдэнэбаяраар ахлуулсан Х.Энх-Амар /52 кг/, Э.Цэндбаатар /56 кг/, С.Шинэбаяр /75 кг/ нарын дөрвөн тамирчин тавдугаар сарын 19-22-нд Чехэд болох гранпри тэмцээнд өрсөлдөнө.
Харин эмэгтэй шигшээ багийн боксчдын тухайд хоёр жилд нэг удаа болдог Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зориод байна. ДАШТ-ий 51, 60, 75 кг-ын жинд медаль хүртсэн боксчдод /Жин тус бүрт дөрвөн тамирчинд/ РИО-2016 олимпийн эрх олгоно. Монголын боксын холбоо ДАШТ-ий 51 кг-д өрсөлдөх Азийн аваргын мөнгө, Азийн наадмын хүрэл медальт М.Нандинцэцэг, 60 кг-д өрсөлдөх О.Сувд-Эрдэнэ нарыг тэмцээний босгыг давж, олимпийн эрхээ авах боломжтой хэмээн итгэл хүлээлгэжээ.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДАШТ-Д ОРОЛЦОХ ТАМИРЧИД:
48 кг: Л.Алтанцэцэг
51кг: М.Нандинцэцэг /Олимпийн жин/
54 кг: Т.Болортуул
57 кг: М.Гүндэгмаа
60 кг: О.Сувд-Эрдэнэ /Олимпийн жин/
64 кг: Н.Баянцэцэг
69 кг: Э.Эрдэнэтуяа
ЭРЭГТЭЙ БОКСЧДЫН ҮЛДСЭН ГАНЦ БОЛОМЖ
Боксын шигшээ багийнхны хувьд одоогоор дараах дөрвөн жинд олимпийн эрх аваад байгаа. Одоо тэдэнд эрхээ нэмэх ганц боломж үлдсэн нь зургадугаар сард Азербайжаны Баку хотод болох Олон улсын боксын холбооны чансааг тэргүүлсэн боксчдын тэмцээн юм. Энэ тэмцээний эхний тавд шалгарсан тамирчдад РИО-2016 олимпод оролцох эрх олгосноор сонирхогчдын боксын олимпийн эрхийн төлөөх тэмцээн шувтарна.
РИО-2016 ОЛИМПИЙН ЭРХ АВСАН БОКСЧИД: (Эрэгтэй 4)
- Г.Ган-Эрдэнэ /49 кг/
- Д.Отгондалай /60 кг/
- Б.Чинзориг /64 кг/
- Б.Түвшинбат /69 кг/
ОЛИМПИЙН НААДМЫН МЕДАЛЬТ БОКСЧИД
СӨҮЛ-1988 Н.Энхбат (60кг) хүрэл
БАРСЕЛОН -1992 Н.Баярсайхан (60 кг) хүрэл
БЭЭЖИН -2008 Э.Бадар-Ууган (54 кг) алт
БЭЭЖИН -2008 П.Сэрдамба (48 кг) мөнгө
ЛОНДОН – 2012 Н.Төгсцогт (52 кг) мөнгө
ЛОНДОН -2012 У.Мөнх-Эрдэнэ (64 кг) хүрэл
Б.БАЯСАХ