Ардчилсан намаас ИЗНН-д нэгдэх санал тавьсан. Энэ саналыг УИХ-ын гишүүн С.Оюун тэргүүтэй тус намын гишүүд хүлээж авсан боловч, намаа татан буулгах боломжгүй харин Ардчилсан намыг дэмжиж ажиллана гэж шийджээ. Гэтэл тус намын дарга Ц.Ганхуяг нарын хүмүүс сонгуульд оролцох зөвшөөрөл авахаар СЕХ-нд хандсан юм. Ингэхдээ С.Оюун гишүүний гарын үсэг зурах хэсэгт өөр хүн гарын үсэг зурсан учраас тус намд өрсөлдөх боломж олгоогүй юм. Үүнээс болж Ц.Ганхуяг ба түүний нөхөд СЕХ-той шүүхээр заргалдаж буй. Харин ИЗНН-ын гурван даргын нэг С.Дэмбэрэл өөрийн намаа орхиж Ардчилсан намд орохоор болжээ. Тэрээр дөрвөн мандаттай Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихээр зэхэж байна. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Оюун сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ бидэнд өгсөн тодруулгаар дамжуулан илэрхийллээ. Ингээд ИЗНН-д үүсээд буй нөхцөл байдлын талаар зарим зүйлийг УИХ-ын гишүүн С.Оюунаас тодрууллаа.
-ИЗНН-д үл ойлголцох нэлээд олон асуудал үүссэн юм шиг харагдлаа. Тухайлбал, Ц.Ганхуяг дарга зарим гишүүд, дэмжигчдийн хамтаар СЕХ-той шүүхдэлцэж байна. СЕХ-ноос танай намыг сонгуульд оролцуулахгүй байх шалтгаан нь таны гарын үсэг зурах хэсэгт өөр хүн зурсан учраас зөрчилтэй гэж үзээд байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдалд тайлбар өгөхгүй юу?
-Манай ИЗНН-ын Үндэсний хороо хуралдаад ойлгомжтой шийдвэр гаргасан. Ардчилсан нам энэ сонгуульд хамтарч оролцох саналыг манай намаас гадна хоёр намд тавьсан. Бид Ардчилсан намын саналыг хэлэлцээд, хүлээж авахаар саналаа нэгтгэсэн. Ингэхдээ таван тойрог дээр ИЗНН-ын хүмүүсийг нэр дэвшүүлэх саналыг хүлээж авбал дэмжинэ гэдэг байр суурьтай байна. Гэхдээ Ардчилсан намын ҮЗХ-ны хурлаар ямар шийдвэр гарахаас үл хамаарч, СЕХ-нд материалаа өгөхөөр тохиролцсон. Харин явцын дунд манайхан бага зэрэг техникийн алдаа гаргасан байна лээ. Энэ алдааг засах боломжийг СЕХ олгосонгүй. Тиймээс Захиргааны хэргийн шүүхэд хандсан.
-ИЗНН гурван даргатай. Олон даргатай учраас үзэл бодлын зөрүүтэй асуудал гардаг байх тийм үү?
-Ер нь дотроо зөрчилтэй ч юм шиг харагдаад байгаа боловч намынхаа Үндэсний хорооны шийдвэрийг бүгд хүндэтгэж ажиллаж байна. Энүүхэндээ хэлэхэд нэг даргатай байх нь зөв л дөө.
-Танай намын дарга С.Дэмбэрэл гишүүн намаасаа гарч Ардчилсан намд орохоор болсон байна? Ямар учраас ийм шийдвэр гаргасан юм бол?
-Манай намд үүссэн нөхцөл байдлыг том утгаар нь харвал Үндэсний хороогоор гаргасан шийдвэрийн хүрээнд асуудал урагшилж байна. Өөрөөр хэлбэл ИЗНН-ынхан Ардчилсан намыг дэмжиж ажиллана. Ингэхдээ тус намын нэр дээр өөрийн намаас таван хүний нэр дэвшүүлнэ. Гэтэл үүнийг Сонгуулийн тухай хуульд зааснаар намаасаа гарч, нэр дэвших намынхаа гишүүн болох ёстой гэж заасан байдаг. Тиймээс С.Дэмбэрэл гишүүн намаасаа гарч, Ардчилсан намын нэр дээр сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж эхлээд байна.
-Та УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?
-Би нэр дэвшихгүй гэдгээ зарласан. Энэ шийдвэрээ Үндэсний хороон дээр ч танилцуулсан.
-Яагаад?
-Хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, нийгэм шинэ царайг хүсч байна. Тиймээс улс төрд шинэ хүмүүсээ гаргаж ирэхийн тулд боломж олгож, орон зайг нь бүрдүүлж байгаа юм. Хоёрдугаарт, Ардчилсан намтай хамтарсан тохиолдолд тус намаас өгсөн таван тойрог дээр нэр дэвших манай намын гишүүд ялалт байгуулах боломжтой, чадварлаг хүмүүс. Тиймээс Ц.Ганхуяг дарга бид хоёр энэ сонгуульд нэр дэвшихгүй. Заавал УИХ-ын гишүүн болохгүйгээр нийгмийн асуудалд оролцоод явах боломжтой.