Гурван жилийн өмнө нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Сонгинохайрхан дүүрэгт орших Ханын материалд шинээр хотын захиргаа барьж, гэр хорооллыг хөгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулж, оршин суугчдын магнайг тэнийлгэж байв. Одоо л гэр хороололд хөгжил ирж, хотын төвийнхний нэгэн адил ая тухтай тохилог орчинд амьдрах нөхцөл бүрдэх нь гэсэн итгэл ассан. Зарим нэг нь газраа чөлөөлж бүтээн байгуулалтын их ажилд дэмжлэг үзүүлсэн нь ч бий. Зөвхөн Баянхошуу орчимд 200 мянган иргэн амьдрах хотын дэд төв байгуулагдах стратегийг тухайн үед танилцуулж байсан учраас Зүүн салаа, Баруун салаа, Толгойтын гэр хороололд ч хөгжил ирнэ гэж иргэд гэгээн мөрөөдөл тээсэн. Гэвч энэ ажил хойшилжээ.
Шав тавин тууз хайчилснаас хойш гурван жил болоход энэ ажил урагшлаагүй нь валютын ханшийн өсөлт нөлөөлсөн гэх. Учир нь хотын захиргааг Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороонд барих шийдвэр гарсны дараа хөрөнгө оруулагчаар нь БНСУ-ын компани тодорсон ч анхны үнийн саналаа нэмэх шийдвэр ирүүлснээр талууд гэрээгээ цуцлахад хүрчээ. Тус компанийн зүгээс валютын ханшийн өсөлт нь өртгийг өсгөж байна гэсэн үндэслэлийг тавьж, хотынхон хүлээн зөвшөөрөгүйгээс энэ ажил зогссон аж. Хотын удирдлагууд шинэ хөрөнгө оруулагч хайсан ч одоог болтол боломжийн санал ирүүлсэн хөрөнгө оруулагч тодроогүй байна.
Төлөвлөгөөгөөр бол хотын захиргааны шинэ цогцолбор нь НИТХ, ЗДТГ, хурлын танхим, харьяа агентлагууд гэсэн 4 блок барилгаас бүрдэхээр зураг төсөл нь гарчээ. Хоёр жилийн хугацаанд шинэ цогцолбор баригдаж ашиглалтад орохоор төлөвлөгдсөн байсан юм.
Харамсалтай нь, энэ төлөвлөгөө ойрын жилдээ биеллээ олно гэж итгэхэд бэрх болжээ. Хөрөнгө оруулагчийг татахад амаргүй байгаагийн зэрэгцээ эдийн засаг хүндэрсэн нь давхар нэрмээс болж буй аж.
Ханын материалд хотын захиргааг шинээр барихтай зэрэгцүүлээд хувийн хэвшлүүдээ татан оролцуулж, орон сууцыг сургуультай, цэцэрлэгтэй нь хамт шийдэх мөрөөдөл байсан ч мөнгөтэй барилгын компани ховорджээ. Зээл аваад зүтгэе гэвч ихэнх нь банкуудад зээлтэй, барьсан барилга нь зарагдахгүйгээс шинээр зээл авах боломжгүй болгож байгаа аж. Өөрөөр хэлбэл, иргэдийн худалдан авах чадвар шалдаа буусан нь барилгын компаниудыг цусны эргэлтгүй болгож, өмнөх банкны зээлээ яажшуухан дарах вэ гэдэг л шүдний өвчин болж хувирчээ.
Иймээс иргэд Ханын материалд хотын захиргааг шинээр барих төлөвлөгөө шоу болоод өнгөрчихгүй л байгаасай гэж хүлээхээс өөр замгүй нь.
Харин Төрийн ордны баруун талд байрлах нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг, спорт заалтай нь хамт буулган шинээр барихаар болсон нь ашиглалтын хугацаа дууссантай холбоотой гэсэн мэдээллийг албаны хүн өглөө. Хотын төв талбайд оршдог, дэд бүтэц шинээр тавих шаардлагагүй нь Ханын материалд хотын захиргаа барих хөрөнгө оруулагчийг хайхаас амар олдсон бололтой.
Г.ХОРОЛ