Нийслэлийн концессын зүйлийн жагсаалтад нийслэлийн Засаг захиргааны I байр буюу нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг спорт заалтай нь хамт буулгаж шинээр барих төсөл багтсан. Төслийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас Концесс олгох уралдаант шалгаруулалтыг зарлаж шалгаруулалтад “Голомт фаннэйшнил групп” ХХК шалгарсан байна.
НИТХ-ын Тэргүүлэгчид тогтоосон зардал хүрэлцэхгүй байгаа учраас золбин нохой муур устгах зардлыг 12 000 төгрөг болгон шинэчлэн тогтоов.
Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гариг /2016.05.12/-аас эхлүүлсэн. Энэ удаагийн вакцинжуулалтад 18-30 насныхны бүх хүмүүсийг хамруулж байгаа юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдах байсан ч хойшилжээ. Бүлгээр Авлигатай тэмцэх газрын даргын асуудлыг хэлэлцэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус газрын даргаар хурандаа Ц.Энхжаргалыг томилуулах тухай саналыг УИХ-д хүргүүлснээс хойш 10 хоногийн хугацаа өнгөрөөд байгаа юм.
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Корпорайт” зочид буудалд гал гарлаа гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангиуд шуурхай ажиллаж галыг унтраалаа. Галын шалгаан нь зочид буудлын суурийн давхарт байрладаг цахилгаан хуваарилах самбарын цахилгааны утаснаас гал гарсантай холбоотой гэнэ.
НИТХ-ын Тэргүүлэгчид 2016 онд мод бэлтгэх дээд хэмжээг нийт 6100 шоо метр байхаар тогтоолоо. Үүнээс ойн цэвэрлэгээний огтлолтоор 40 га талбайгаас 1200 м3, цэвэрлэгээ буюу ногоон бүсэд оршин суугч айл өрхөд түлшний зориулалтаар унанги, гишүү мөчир түүлгэх замаар 5100 м3 модыг бэлтгэх юм.
УИХ-ын гишүүн Г.Уянга оффшор данстай холбоотой хуулийн төсөл өргөн барьж, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болсон хэмээн хэвлэлийн хурал хийлээ. Тэрээр хэлэхдээ: “Гадаад дахь банк, санхүүгийн данс болон үл хөдлөх эд хөрөнгийн тухай хууль нь гурван бүлэг, долоон зүйлтэй бөгөөд төрийн албан хаагчид, албан тушаалтнууд гадаад дахь хөрөнгө орлогоо сайн дураар ил болгох, хөрөнгө орлогын эх үүсвэрээ тайлбарлах,зэргийг зохицуулахаар тусгасан. Уг хуультай холбоотойгоор Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болох юм” гэв.
МАХН-ын гишүүн Д.Батмөнх, Д.Энхжаргал, А.Үүрцайх нарын гишүүд дэмжигчид намаасаа гарч байгаагаа мэдэгдлээ. Энэ үеэр МАХН-ын ахмад гишүүд дэмжигчид “Монгол ньюс” мэдээллийн төвд дайран орж, хэвлэлийн хурал хийж байсан нөхөд рүү памперс шидэж “Та нар Тэрбишдагвыг Шадар сайд байхад нь зөөлөн суудал авч байсан биз дээ. Энэ намын нэр дээр идэж ууж явсан чинь худлаа юм уу. Ичих нүүргүй, нэр нүүрээ МАН-д худалдсан урвагчид” гэх мэтээр дайрч хэвлэлийн хурлыг тараалаа.
Төрийн орон сууцны корпорациас Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах шаардлага хангасан 2374 иргэн өнгөрсөн сарын 28-ны өдөр цахим сугалаанд оролцсон юм. Цахим сугалаагаар нийт 350 иргэн шалгарсан байна. Шалгарсан иргэд энэ сарын 9-ний өдрөөс эхлэн төлбөрийн мэдэгдэл хүлээж авсан бөгөөд 275 иргэн байрны түлхүүрээ гардан авсан байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 760 орчим сурталчилгааны самбар байгаагаас 269 ширхэг нь зөвшөөрөл аваагүй эсвэл шаардлага хангахгүй байгаа гэсэн судалгаа гарчээ. Тиймээс нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар шаардлага хангахгүй самбаруудыг долоо хоногийн дотор буулгахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгав.
Энэ долоо хоногийн УИХ, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Авлигатай тэмцэх газрын даргыг томилох асуудлыг оруулаагүй учраас УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын дарга, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга нарт шаардлага хүргүүлэхээр болжээ.
Удтал хүлээсэн нөөцийн мах өчигдрөөс эхлэн худалдаанд гарлаа. Нөөцийн махыг нийслэл хот болон Дархан, Эрдэнэтэд сонгосон борлуулалтын цэг, дэлгүүрээр тогтвортой үнээр худалдаалах юм. Үүнд: Үхрийн ястай 1 кг ястай махны жижиглэн худалдаалах үнэ 5750 төг, хонины ястай мах 5400 төг, ямааны мах 4400 төгрөгийн үнэтэй байх ажээ.
Өнгөрсөн сарын 24-ний өглөө Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт хоёрдугаар багийн нутаг, Буйр нууранд /эрээс 400 орчим метрийн дотогш/ загасчилж явсан дөрвөн хүн завьтайгаа хөмөрч, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Эрэл ямар ч амжилтгүй байгаагаас осолдсон хоёр иргэнийг эрэх эрлийг цааш үргэлжүүлэх боломжгүй болжээ. Ар гэрийнхнийх нь зүгээс аргагүй нөхцөл байдлыг ойлгон, эрлийг зогсоохыг зөвшөөрчээ.