Монголын нийгэмд засч залруулах, илүү сайжруулах олон зүйл бий. Тэр асуудал болгон шийдэл хүлээж байгаа. Энэ шийдлийг олоход дөхөм болох санал санаачилга гаргаж, олон нийтэд мэдээлсэн эрхмийн үг энэ буланд байх юм.
Д.Бямбасүрэн, Монгол Улсын Ерөнхий сайд асан
“Цаашид бидэнд гурван сонголт байна. Нэгдүгээрт одоогийн нөхцөл байдлаа засаж чадахгүй явсаар байгаад Украйны замаар орох, нөгөө нь улс төрийн аргаар Үндсэн хуулиараа ард түмэнд төрийн эрх мэдлийг өгөөд шийдэх асуудал. Гуравдугаарт одоогийн нөхцөл байдлаа засахгүй байж байгаад бослого тэмцэлд хүрч шийдэх гэсэн гурван хувилбар байна. Миний бодлоор Украйны замаар биш, бослого тэмцлээр биш, ард түмнээ түшиж шийдэх хэрэгтэй. Ийм чиглэлийн хуулийн төсөл гарах юм бол би дэмжинэ гэж бодоод суудаг юм.”
Эх сурвалж: www.news.mn
С.Болд, Монголбанкны Ерөнхий эдийн засагч бөгөөд Судалгаа, статистикийн газрын захирал
“Макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг бүрэн утгаар нь хангах хэрэгтэй байна. Нам, тогтвортой инфляцийг хадгалсан орчинд эдийн засагт валютын орох урсгалыг нэмэгдүүлж гадаад тэнцвэртэй байдлыг хангах, улсын төсвийн тэнцлийг алдагдалгүй байлгах замаар хувийн хэвшлийн зээл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж буюу орон зайг тэлэх, мөн Засгийн газрын өрийн удирдлагыг сайжруулах арга хэмжээнүүд үүнд цогцоороо хамаарна. Ингэж эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангахын сацуу эдийн засгийн бүтцийг олон тулгууртай зохистой болгох, хуримтлалд суурилсан тогтвортой өсөлтийн загварыг хэрэгжүүлэх боломжийг энэ цаг үе өгч байна. Энэ боломжийг алдахгүй урагшлах гэдэг нь үндсэн сорилт юм. Улс төрийн болон эдийн засгийн институцийн тогтвортой хөгжлийг хангах, төлөвшүүлэх асуудал энд мэдээж чухал л даа.”
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ
Г.Эрдэнэбат, Улсын ерөнхий прокурорын орлогч
“Хууль сахиулах тухай хууль нь Монголын хувьд цоо шинэ хууль юм. Өнөөдрийг хүртэлх хугацаанд иргэд л хуулийг сахин биелүүлж ирсэнээс биш хууль сахиулах ажлыг хийдэг цагдаа, гааль, татвар, мэргэжлийн хяналтынхан хуульгүй гэж хэлж болохоор явж ирсэн. Хүний эд хөрөнгийг хурааж, битүүмжилж, хүний эрх чөлөөнд халдаж, хүнд албадлага торгууль шийтгэл оногдуулж байдаг атлаа нэг бол агентлаг, байгууллагын даргын гаргасан тушаалыг мөрддөг, эс бол практикт яаж тогтсон түүгээр зохицуулж ирсэн байдаг. Зарим нь тодорхойгүй нөхцөлтэй. Энэ байдал хүний эрхийг маш их дордуулж, зарим албан тушаалтан үзэмжээрээ хувийн сонирхлоор хэн нэгний эрх чөлөөнд халдах боломжийг нээж, зарим албан тушаалтан хүний эрхийг бүдүүлгээр зөрччихөөд хууль бус уу, хууль ёсных уу гэдэг нь нэгэнт үнэлэгдэж тогтоогдох боломжгүй учраас хариуцлага хүлээхгүй, иргэд хохирдог. Энэ л байдлыг цэгцлэх зорилгоор Хууль сахиулагчдад зориулсан хууль боловсрогдсон юм.”
Эх сурвалж: www.news.mn