Эдийн засгийн үзүүлэлтүүд ямар байгаа сонирхуулъя.Эдийн засгийн гол, гол үзүүлэлтүүдийг харахад “буурсан, багассан” гэх үзүүлэлтүүд зонхилжээ.
Улсын төсөв 663 тэрбумын алдагдал амсав
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2016 оны эхний дөрвөн сарын байдлаар 1656.3 тэрбум төгрөг зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2319.9 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 663.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 418.8 тэрбум төгрөгөөр өсөхөд орлого 1.1 хувиар буурч, зарлага 20.8 хувиар нэмэгдсэн байна.
Импорт 33.7 хувиар буурлаа
Дөрөвдүгээр сар Монгол Улсын гадаад худалдаа 1828.6 сая ам.долларт хүрснээс экспорт 1104.1 сая ам.доллар, импорт 724.4 сая ам.долларт хүрч, нийт эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 22.3 хувь, экспорт 12.3 хувь, импорт 33.7 хувиар буурсан байна.
Инфляци бага зэрэг өсөв
Гуравдугаар сард хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 1.7 хувь байсан бол дөрөвдүгээр сард 2.1 хувьтай гарлаа. Ийнхүү сүүлийн 10 сарын турш инфляци зорилтот түвшнээс доогуур байна. Тиймээс Монголбанкны мөнгөний зөвлөл энэ сарын 5-нд бодлогын хүүгээ сулруулж, 1.5 нэгж хувиар бууруулж 10.5 хувь болгох шийдвэр гаргаснаа зарласан юм.
2.9 тонн алт экспортолжээ
Монгол Улс энэ оны эхний улиралд нүүрс 5.2 сая тонн, алт 1.8 тонн, газрын тос 305.2 мянган тонныг тус тус олборлоод байна. Хайлуур жоншны баяжмал 37.3 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 379.9 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 133.9 мянган тонн, цайрын баяжмал 21.8 мянган тонныг тус тус үйлдвэрлэсэн байна. Мөн 412.8 мянган тонн зэсийн баяжмал, 991.7 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал, 2.9 тонн алт, 3.3 сая тонн нүүрс, 303.0 мянган тонн газрын тос тус тус экспортолсон байна.
Татварын нийт орлого 12.6 тэрбум
Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 12.6 тэрбум төг буюу 0.9 хувиар буурахад бусад татвар төлбөр хураамжийн орлого 102.1 тэрбум төг буюу 41.7 хувь, орлогын албан татварын орлого 101.8 тэрбум төгрөг буюу 29.9 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн хэдий ч нийгмийн даатгалын орлого, хөрөнгийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар 7.3-183.0 тэрбум төгрөг буюу 4.2-59.5 хувиар өссөн байна.
Б.БАТ