Э.Хулан: Хожигдолгүй байсан болохоор эрэгтэй ангилалд түрүүлсэн

Хуучирсан мэдээ: 2016.05.16-нд нийтлэгдсэн

Э.Хулан: Хожигдолгүй байсан болохоор эрэгтэй ангилалд түрүүлсэн

Өнгөрөгч сард Грекийн Халкидики хотноо болсон сонирхогчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2000 хүртэлх ангилалд Энхсайханы Хулан 9 өргөөс 7.5 хожлоор түрүүлэн эрэгтэй, эмэгтэй төрөлд хос алтан медалийн эзэн болж, Олон улсын шатрын холбооны мастерын болзол хангасан юм. Тус тэмцээнд монголчууд 2012 оноос эхлэн оролцож эхэлсэн бөгөөд эрэгтэй, эмэгтэй ангилалд олон аварга төрөөд байна. Ингээд сонирхогчдын дэлхийн аварга, Олон улсын шатрын холбооны мастер Э.Хулантай ярилцсанаа хүргэж байна. Тэрээр энэ жил МУБИС-ийг төгсөх юм.

 Сонирхогчдын шатрын дэлхийн аваргын 2000 хүртэлх ангилалд оролцсон Энхсайханы Хулан 9 өргөөс 7.5 хожлоор түрүүлэн эрэгтэй, эмэгтэй төрөлд хос алтан медалийн эзэн болж, Олон улсын шатрын холбооны мастерын болзол хангалаa.Грекийн Халкидики хот. 2016.04.28.

Юуны өмнө сонирхогчдын дэлхийн аварга цол болсонд баяр хүргэе. Хоёулаа тэмцээний талаарх мэдээллийг уншигчдадаа эргээд хүргэе. Эндээс яриагаа эхлэх үү?

-Баярлалаа. Грекийн Халкидики хотноо болсон 2016 оны сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 33 орны 67 шатарчин 1700, 2000, 2300 хүртэлх чансааны гурван ангилалд өрсөлдсөн. Би олон улсын ямар ч цол зэрэггүй тамирчин оролцдог 2000 хүртэлх ангилалд 22-т эрэмбэлэгдсэн. Ер нь тоглолт бүр дээр өндөр чансаатай тамирчинд амлуулж байсан ч 9 өргөөс 6 хожил, 3 тэнцээ авч 7,5 оноогоор эрэгтэй, эмэгтэй аваргын цомыг хүртэх боломжтой болсон. Хожигдолгүй байсан болохоор эрэгтэй ангилалд түрүүлэх боломжтойгоор дүн гарсан. Би зургаан эрэгтэй, гурван эмэгтэй тамирчинтай тоглосон. Мөн энэхүү амжилтаараа ФИДЕ-гийн мастер цолыг хүртсэн байгаа.

Хаанахын тамирчид хүчтэй өрсөлдөгч байсан бэ?

-Орон бүрээс л шилдэг тамирчид ирсэн. Зарим орны тамирчид тус тэмцээнд түрүүлж, сонирхогчдын дэлхийн аварга цол хүртэхийн тулд бүтэн жил бэлтгэл сургуулилтыг хийдэг гэсэн. Өөрөөсөө чансаа өндөр шатарчидтай тоглосон болохоор медальт байранд орно гэдэг амар байгаагүй. Энэтхэгийн шатарчид их сайн байсан. Манай ангилалд Энэтхэгийн шатарчид мөнгө, хүрэл медалийг хүртсэн. Мөн дээд ангилалд Казахстаны тамирчин түрүүлсэн.

Манай бусад тамирчдын амжилтын тухайд?

-2300 хүртэлх ангилалд “Мончесс” клубын шатарчин Г.Ганцоож 6.5 хожлоор хүрэл медаль хүртлээ. 1700 хүртэлх ангилалд “Хос мастер” клубын шатарчин Н.Цогзолмаа 4.5 хожлоор эмэгтэй төрөлд мөнгөн медалийн эзэн болсон. Мөн “Хос мастер” клубын шатарчин Т.Баян-Очир хамгийн шилдэг залуу шатарчны шагналыг авсан. 2015 онд амжилт муутай ирсэн манай баг энэ жил сайн оролцлоо.

2016 оны сонирхогчдын ДАШТ-д оролцсон шатарчид. Э.Хулан хос алт /2000 хүртэлх ангилал/, Н.Цогзолмаа мөнгө /1700/, Г.Ганцоож /2300/, хамгийн шилдэг залуу шатарчин Т.Баян-Очир.

Монголчуудын хувьд сонирхогчдын дэлхийн аваргад өндөр амжилтыг үзүүлж байна. Өмнөх амжилтуудыг дурдвал?

-Манай улсын шатарчид 2012 оноос сонирхогчдын дэлхийн аваргад амжилттай оролцож эхэлсэн. Анхны тэр жил С.Билгүүн, Ану нар дэлхийн аварга болсон бол 2013 онд Янжинлхам, 2014 онд Мөнхбаяр нар энэ эрхэм хүндтэй шагналыг хүртэж байсан. Мөн олон тамирчин мөнгө, хүрэл медалийн эзэн болсон. 2014 онд Ү.Үүрийнтуяа мөнгө, Ү.Агибилэг хүрэл медальтай ирж байлаа. 2015 онд амжилтын буухиа тасраад байсан. "Сонирхогчдын дэлхийн аваргаас олон аварга төрлөө. Одоо чи л болно" гэдэг бусдын итгэлийг алдахгүйг маш их хичээсэн. Би өнгөрсөн жил амжилт муутай тоглосон. Тэгээд энэ жил маш сайн хичээсний үр дүнд сонирхогчдын дэлхийн аварга гэдэг эрхэм хүндтэй цолыг хүртлээ.

Манай дотоодын тэмцээний өрсөлдөөн хүчтэй байдаг. Таны хувьд энэ жилийн голлох тэмцээнүүдээс медалийн гадна үлдэж байсан?

-Дөрвөн жилд нэг удаа болдог Монголын Бүх ард түмний спортын наадам энэ онд тохиож байна. Тиймээс ямар ч тамирчдын хувьд их наадмын тэмцээнд оролцоно гэдэг бол маш том амжилт юм. Шатарчдын хувьд хагас шигшээ тоглолтоос шигшээд өрсөлдөх эрхийг авах байсан. Миний хувьд шигшээд өрсөлдөж чадаагүй. Би сүүлийн өрөгтөө Анутай таарч тоглосон. Гэтэл бид хоёрын хэн хожсон нь шигшээд өрсөлдөх эрхийг авах байсан юм. Тухайн үед Ану бэлтгэл сайтай байсан болохоор хожил түүнд байлаа. Мөн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд VI байрт орсон. Энэ жилийн дотоодын тэмцээнд би өндөр амжилтыг гаргаж чадаагүй. Яагаад ч юм сүүлийн өрөг медалийн өнгийг тодорхойлоод байсан. Хожвол медаль дээр буух, хожигдвол байр ухрах гээд. Гэхдээ гол тэмцээн сонирхогчдын дэлхийн аварга байсан болохоор энэ тэмцээндээ илүү анхаарлаа хандуулсан.

Сонирхогчдын дэлхийн аваргаас олон аварга төрлөө. Одоо чи л болно гэдэг бусдын итгэлийг алдахгүйг маш их хичээсэн. Би өнгөрсөн жил амжилт муутай тоглосон. Тэгээд энэ жил маш сайн хичээсний үр дүнд сонирхогчдын дэлхийн аварга гэдэг эрхэм хүндтэй цолыг хүртлээ.

-Бэлтгэлээ аль багш дээр хийдэг вэ?

-Тэмцээнд оролцохын өмнө их мастер Б.Хатанбаатар, Н.Төвсанаа багш дээр бэлтгэлээ хийдэг. Их сургуулиа төгсөх болохоор тогтсон бэлтгэлгүй байгаа.

 

А.ЭНХТУУЛИЙГ ХОЖСОН ТЭР ХОЖИЛ БОЛ ХЭЗЭЭ Ч МАРТАГДАХГҮЙ

Дунд сургуулийн сурагч байхдаа насанд хүрэгчдийн УАШТий шигшээ тоглолтод оролцож байсан гэсэн. Тэр үеийн тэмцээний тухай дурсахгүй юу?

-2011 оны УАШТ-ий хагас шигшээ тоглолтууд манай сургуульМонгени дээр болж байсан. Тухайн үед сургуулийнхаа дэвжээн дээр гээд их зүтгэл гаргаж тоглон шигшээд өрсөлдөх эрхийг авсан. Тэр жилээс хойш дөрвөн жил улсын аваргын шигшээ тоглолтод өрсөлдсөн. Харин сүүлийн хоёр жил шигшээ тэмцээнд шалгарч чадаагүй.

Тухайн үеийн шигшээ тоглолтын сонирхолтой өргийг нэрлэхгүй юу?

-2011 оны анхны улсын аваргын тэмцээн санаанаас ер гардаггүй. Монголынхоо шилдгийн шилдэг шатарчидтай улсын аваргын төлөө өрсөлдөнө гэдэг бол их том завшаан болж байсан. Тэр тэмцээнд би сайн оролцоогүй ч гэлээ А.Энхтуулийг хожиж, улсын аваргын анхны хожлыг авч байсан. Гэтэл Туулын хувьд хүнд байдалд орсон байсан. Тэр надад хожигдсоноос болж медалиас мултарч байсан юм билээ. Дараа жил нь бид хоёр ахиад л таарсан.

-Дахин хожсон уу?

-(инээв.) Тиймээ би бас хожоод. Би хоёр жил дараалан түүнтэй хараар тоглосон. Өмнөх жил нь надад хожигдсон болохоор тэр дахин хожигдохгүйг хичээнэ шүү дээ. Надад эдгээр өргүүд ер мартагддаггүй юм. Тухайн үед үеийнхнээсээ нилээн хожуу шатар тоглосон болохоор тэр бүр итгэлтэй байгаагүй. Гэхдээ тэр тэмцээнд шилдэг шатарчидтай сайн тоглож чадсан болохоор их урамшсан даа. Бас шатрын спортын сайхныг мэдэрч эхэлсэн.

Насанд хүрэгчдийн улсын аваргын шигшээд А.Энхтуулийг хоёр жил дараалан хожиж байсан. Энэ бол миний хувьд түүх болон үлдсэн. Тиймээс эдгээр өргүүдийг ер мартдаггүй юм.

-Казанд болсон оюутны Универсиад наадамд оролцож байсан. Энэ тэмцээн таны хувьд олон улсын тэмцээний эхлэл байсан байх?

-Тиймээ. 2013 онд ОХУ-ын Казан хотноо болон дэлхийн оюутны Универсиад наадамд оролцож байсан. Би харин энэ тэмцээнд их азтай явсан даа. Уг нь улсын аваргад V байрт ороод тус тэмцээнд явах эрхгүй үлдэж байсан. Эхний дөрөвт орсон тамирчид Казан руу явах болзолтой байлаа. Гэтэл тэмцээний өмнө нэг тамирчин хувийн шалтгаанаар үлдэх болоод би явсан. Анхны олон улсын тэмцээн болоод ч тэрүү их туршлага суусан.

Шатрын спортоор нилээн хожуу хичээллэсэн гэж байсан?

 -Манайхан бүгдээрээ шатар тоглодог ч над шиг тууштай хичээллэсэн нь цөөн байдаг. Намайг 9 настай байхад аав анх шатар зааж өгсөн. Манайх бөхийн удамтай. Аав чөлөөт бөхөөр барилддаг байсан. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох, Олимпийн хүрэл медальт, Ардын багш, Гавъяат тамирчин Ч.Дамдиншарав нарын хамаатан. Тиймээс намайг бөхөөр хичээллүүлэх сонирхолтой байсан байх. Гэхдээ бөхийн спортоор дамжсан.

-За сонирхолтой санагдлаа шүү. Чөлөөт бөх үү?

-Тиймээ чөлөөт, жүдо бөхөөр хичээллэдэг байсан. 2007 онд гэнэт чөлөөт бөхөөр хичээллэмээр санагдаад. Тухайн үед аавтай зөвлөж байгаад одоо шигшээгийн дасгалжуулагч Т.Сүхбаатар багшийн чөлөөт бөхийн дугуйланд очиж байсан. Тэнд зургаан сар орчим хичээллэсэн. Харин 2008 онд олимпийн аваргатай болсны дараа "би дараагийн олимпийн аварга" гээд жүдо бөхийг сонгосон. Бээжингийн олимпоос Н.Түвшинбаярыг олимпийн аварга болоход олон хүүхэд над шиг мөрөөдөлтэй байж, жүдог сонгож байсан. Би жүдо бөхийн дугуйланд жил гаран явсан. Тухайн үед өндөр амжилт гаргаагүй болохоор шатрын спортоо сонгосон доо./инээв/

Бээжингийн олимпоос Н.Түвшинбаярыг олимпийн аварга болоход олон хүүхэд над шиг мөрөөдөлтэй байж, жүдог сонгож байсан. Чөлөөт бөхийн дэвжээ, жүдо бөхийн татамид барилдаж байсан надад тамирчдын олон давуу чанарууд байдаг байх.

-Жүдо, чөлөөт бөхөөр хичээллэсэний дараа шатрын хөлгийн ард эргээд суухад ямар байсан бэ?

-Бараг хоёр жил орчим бөхийн спортоор явахад их л зүйлийг сурсан. Буцаад шатраа тоглоод эхлэхэд илүү их зорилготой бас шинэ зүйлүүдийг сурсан байсан. Би хэдийгээр бөхийн спортыг сонгож, өндөр амжилтыг үзүүлж чадаагүй ч гэлээ надад маш олон давуу талуудыг өгсөн. Одоо дэвжээнд гарч байгаа бөхчүүдээ харахаар өөрийн эрхгүй сандардаг. Тэд амжилтанд хүрэхийн тулд маш их бэлтгэлийг даван туулах хэрэгтэй болдог. Би өөрөө тэр бэлтгэлийг мэдэх учраас ямар хэцүү гэдгийг нь сайн мэднэ. Бөхийн спортоор хичээллэж байсан болохоор бөх найзууд олон бий. Заримдаа намайг бөх ярихаар гайхах хүн гарна шүү./инээв/ Энэ дашрамд, Монголын шатрын холбоо, МУБИС-ийн удирдлагууд, багш нартаа, мөн эмээгийн нутаг Завханы Идэр, аавын нутаг Өвөрхангайн Гучин-Ус сумын зон олондоо байнга тусалж байдагт талархаж байгаагаа хэлмээр байна. Тамирчин хүний амжилт гаргах нэг чухал нөхцөл бол бусдын дэмжлэг. Гэр бүлийнхэндээ, найз нөхөддөө үргэлж тусалж байдагт баярлалаа гэж хэлмээр байна. Мөн  News агентлагийн та бүхэнд ч гэсэн амжилтын өндөр амжилт хүсье. Баярлалаа.

Ч.БОЛОРЧУЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж