ОХУ хүчний тэнцвэрийг хадгална

Хуучирсан мэдээ: 2016.05.16-нд нийтлэгдсэн

ОХУ хүчний тэнцвэрийг хадгална

Европын аюулгүй байдлыг хангахын тулд НАТО баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах баазыг Румын болон Польш улсад байршуулж эхэллээ. “Энэ бол хүчнүүдийн хооронд зэвсэглэлийн шинэ өрсөлдөөнийг эхлүүлсэн үйлдэл” гэдгийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. Владимир Путин өнгөрсөн баасан гаригт /V.13/ хийсэн мэдэгдэлдээ ОХУ-ын үндэсний аюулгүй байдалд бий болсон заналхийллийн эсрэг  хүчийг тэнцвэржүүлэх бодлого баримтална гэв. Тэрбээр “ОХУ зэвсэглэлийн өрсөлдөөнд татагдан орохгүй боловч хүчнүүдийн хоорондох стратегийн тэнцвэрийг хадгалахын тулд батлан хамгаалахын төсөвтөө тодотгол хийхээс аргагүй боллоо” хэмээжээ.

2014 онд Украинаас буцаан авсан Крым хойгт ОХУ армийн хүчийг төвлөрүүлэхийн  эсрэг НАТО Румын дахь хуучин ЗХУ-ын баазад 800 сая ам.долларын өртөгтэй пуужингаас хамгаалах системийг байршуулж эхэллээ. Мөн ОХУ Калининградад цөмийн пуужингаа байршуулахаар төлөвлөсний хариуд НАТО Польш улсад байршуулах болов. НАТО 2018 он гэхэд системийг бүрэн ажиллуулж эхэлнэ. НАТО үүнийг Хойд Солонгос болон Ираны талаас ирэх баллистик пуужингийн аюулаас Европыг хамгаалах алхам хэмээн тайлбарласан. Харин “НАТО пуужингийн довтолгооноос хамгаалах системийг Зүүн Европт байршуулах болсноор Оросын цөмийн хүчнийг эсэргүүцэх бодит боломж бий боллоо” хэмээн ОХУ-ын батлан хамгаалахын албаныхан мэдэгдэв. Украиныг Европын холбоонд элсүүлэхээс эхэлсэн маргаан эцэстээ ОХУ болон АНУ-ын харилцааг хүйтэн дайны үеийн хэмжээнд хүргэжээ. Крым хойг 2014 онд Украинаас салж, ОХУ-д нэгдсэнийг эсэргүүцэн НАТО ОХУ-тай харилцаагаа тасалсан юм. Зүүн Европын орнууд Украины хэрэг явдлаас үүдэн ОХУ-ын түрэмгийллээс эмээх болж, НАТО-гоос хамгаалал хүсэх  болжээ. Тухайлбал, АНУ-ын армийн 12 ширхэг “F-15C Eagles” байлдааны онгоцыг 350 нисгэгчийн хамт Нидерланд, Исландад өнгрсөн сард байршуулсан. Исланд нь цэргийн хамгааллын цэргүүдийг эс тооцвол өөрийн армигүй НАТО-гийн цор ганц орон. Исланд нь Атлантын далайн дунд оршдог стратегийн чухал байршил учраас хүйтэн дайны үед АНУ агаарын баазаа байршуулж байжээ. Исланд дахь АНУ-ын агаарын баазыг 2006 онд хаасан байв. Гэвч ОХУ Исландын агаарын орон зайг удаа дараа зөрчих болсноор НАТО 2008 оноос хойш агаарын хяналтыг сэргээжээ. Энэ мэтээр НАТО, ОХУ-ын хооронд өнгөрсөн хугацаанд ил далд хэлбэрээр зөрчил өрнөсөөр ирсэн. Зүүн Европын орнуудад НАТО цэргээ байршуулж, бааз байгуулж, нөгөө талд ОХУ хилдээ цэргээ төвлөрүүлж, өргөн хүрээтэй армийн сургуулилтыг удаа дараа явуулж байна. Түүнчлэн тэнгист байршсан АНУ-ын пуужин тээгч хөлөг онгоцны дэргэдүүр ОХУ-ын сөнөөгч хөлгүүд ниссэн удаатай. АНУ нь хэдийн  "Aegis" баллистик пуужингаар тоноглогдсон дөрвөн хөлөг онгоцыг тэнгист байршуулаад байгаа юм.

Пуужингийн системийг байршуулахыг эсэргүүцсэн Өмнөд Солонгосын иргэд

НАТО баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах системээ Европын төдийгүй Ази, Номхон далай, Ойрхи Дорнодын орнуудад байрлуулах төлөвлөгөөг 2012 оноос хойш ярих болсон юм. АНУ-ын баллистик пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “THAAD” системийг Солонгосын хойгт байршуулахаар Сөүлийн албаныхантай яриа хэлцэл эхэлсэн. Үүнийг мэдээж Хятад улс эрс буруушааж байна. Пхеньян энэ он гарсаар хиймэл дагуул хөөргөж, дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийсэн нь Солонгосын хойгт зэвсгээ байршуулах АНУ-ын санаархалд завшаан боллоо. Гэтэл Хойд Солонгосын пуужингууд ийм том системийн цорын ганц бай болно гэдэгт итгэхэд хэцүү гэж нэрд гарсан улс төр судлаач, академич Алексей Арбатов хэлж байв. Түүний таамагласнаар энэ бол Хятад улс пуужин-цөмийн сүр хүчээ зузаатгаж, ХХI зууны хоёр дахь их гүрэн улс болох төлөвлөгөөтэй байна. Үүний эсрэг Вашингтон байр сууриа хамгаалах арга хэмжээг авч буй нь энэ аж.  “THAAD” бол агаарт байх бүх төрлийн баллистик пуужинг устгах чадалтай хурдан зөөвөрлөх боломжтой  газарт суурилсан пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүрэлдэхүүн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж