Ангиудад дуу өсгөгч байрлуулж, каблийн утас татсан

Хуучирсан мэдээ: 2016.05.16-нд нийтлэгдсэн

Ангиудад дуу өсгөгч байрлуулж, каблийн утас татсан

Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын талаар тодрууллаа.

-Удахгүй Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэх гэж байна. Шалгалтын бэлтгэл ажил хэр байна вэ?

-Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 37 мянган хүүхэд бүртгүүлсэн. Боловсролын үнэлгээний төвийн сайтад өчигдөр /2016.05.15/ бүртгүүлсэн нийт шалгуулагчдын суудлын хуваарийг байршуулж тавьсан. Тэгэхээр шалгуулагчид манай сайт руу өөрсдийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан орж, суудлын хуваариа татаж авч болно.

-Шалгалт авах байр бэлэн болсон уу?

-Улсын хэмжээнд орон нутагт 21, Нийслэл хотод 47 шалгалтын байр бэлдэж байна. Мөн өмнөх жилүүдэд элсэлтийн ерөнхий шалгалтын байрыг их, дээд сургуулийн байруудад авдаг байсан. Харин энэ жилээс дунд сургуулиудыг сонгож, шалгалтын байраа бэлдсэн. Шалгуулагчид хаана шалгалтаа өгөх тухай мэдээллээ Боловсролын үнэлгээний газрын www.eec.mn сайт болон манай төвөөс үнэгүй гаргадаг Элсэгчийн сонин дээр хэвлэнэ гаргана.

-Элсэлтийн шалгалт авах байр өөрчлөгдсөн гэж сонссон?

-Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын журамд Монгол хэл, Англи хэл, Орос хэлний хичээлүүдийн сонсох чадварыг сорих даалгавар нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор сонсох чадварын даалгаврыг гүйцэтгэхэд ашиглах тоног төхөөрөмжөөр дунд сургуулиудыг хангаж байгаа юм. Тиймээс элсэлтийн шалгалтаа дунд сургуулийн байранд авах болсон.

-Шинээр нэмэгдэж буй сонсох чадварыг сорих даалгаврыг хэрхэн авах вэ?

-Тухайн сургуулийн удирдлагын өрөөнөөс мэдээллийг нэг зэрэг сонсгох болно. Ангиудад дуу өсгөгч байрлуулж, каблийн утас татсан. Энэ төхөөрөмжийг элсэлтийн ерөнхий шалгалт дууссаны дараагаар тухайн  сургуулиуд өөрийн сургалтандаа ашиглах юм.

-Шалгалт өгөх гэж буй сурагчдад хандаж юу хэлэх вэ?

-Бүртгүүлсэн шалгуулагчид шалгалтдаа сайн бэлдэх хэрэгтэй. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад зориулж хичээл тус бүрийн агуулгыг сайтдаа байршуулсан байгаа. Тэндээс харж шалгалтаа бэлдэх боломжтой. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 15-наас эхлэнэ. Хуваарилагдсан шалгалтын байрандаа цаг хугацаандаа хоцролгүй ирэх хэрэгтэйг анхааруулж байна.

А.ЦЭЭСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж