Ойгоос бэлтгэх модны хэмжээг тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2016.05.16-нд нийтлэгдсэн

Ойгоос бэлтгэх модны хэмжээг тогтоолоо

Нийслэлийн хэмжээнд Улиастайн зүүн салааны Их ам, ойн сангийн түймэрт нэрвэгдсэн мод бүхий ойд цэвэрлэгээ хийх шаардлагатай байгаа ажээ. Дээрх газруудаас энэ онд 1500 метр куб модыг түлээний зориулалтаар ашиглуулахаар төлөвлөж байгааг өнөөдөр болсон НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын үеэр танилцуулжээ.

Ойн экологийн төлөв байдлыг сайжруулах,  түймэр, ойн хөнөөлт шавж тархах нөхцөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр ойд цэвэрлэгээний огтлолт хийдэг.  Байгаль орчин, Ногоон хөгжлийн Сайдын  тушаалаар нийслэлийн ойгоос 2016 онд бэлтгэх модны дээд хэмжээг  244 метр квадрат талбайгаас нийт 6300 метр куб мод бэлтгэхээр заасан байна.  Мөн ойн цэвэрлэгээний огтлолтоор ойгоос бэлтгэсэн модны 100 шоометр тутамд  аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн хөрөнгөөр 3 га талбайд ойжуулалт хийхийг үүрэг  болгожээ.

НИТХ-ын Тэргүүлэгчид 2016 онд  мод бэлтгэх дээд хэмжээг нийт 6100 шоо метр байхаар тогтоолоо. Үүнээс ойн цэвэрлэгээний огтлолтоор 40 га талбайгаас 1200 м3, цэвэрлэгээ буюу ногоон бүсэд оршин суугч айл өрхөд түлшний зориулалтаар унанги, гишүү  мөчир түүлгэх замаар  5100 м3 модыг бэлтгэх юм. Ойн цэвэрлэгээний огтлолт  болон ногоон бүсэд оршин суугч айл өрхөд  гишүү мөчир, унанги түлшинд бэлтгэсний төлбөрийн орлогоос нийслэлийн  төсөвт 36.3 сая төгрөг  төвлөрөх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж