Монголоор дүүрэн Н.Энхбаяр

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Монголоор дүүрэн Н.Энхбаяр

Сүүлийн үед Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяргүй амьдрал гэж байхгүй боллоо. Яг л өвөлдөө Улаанбаатар утаанбаатар болдог шиг экс Ерөнхийлөгч Н.Энх­баяр  жирийн ард түмний эрхэнд халдаж, амрах боломж өгөхгүйгээр өөрийнхөө талаарх мэдээллээр бид­ний тархийг дүүргэж байна. Утаа хаана ч очдог. Н.Энхбаяр ч бас хаана л бол хаана байдаг боллоо. Өглөө автобусанд дуу сонсдог байсан бол одоо Н.Энхбаярын талаарх мэдээлэл сонсдог боллоо. Ажил дээрээ ирээд хэдэн сайт харахад түүний зураг харагдана. Өдөртөө хүмүүсийг уриад ажил хэргийн уулзалтад ороод ажил ярих гэхээр Н.Энхбаярын талаарх мэдээллийг шалгаагаад амраана гэж байхгүй. Гэтэл үнэндээ түүнийг би танихгүй шүү дээ. Хийж байгаа ажлаа тэр хүн л мэдэхээс би мэднэ гэж юу байх вэ дээ. Ингээд орой гэртээ хариад телевиз үзэх гэхээр нөгөө л экс Ерөнхийлөгчийн талаар мэдээлэл голдуу явах юм. Шөнө унтахаар өдөржин түүнийг л сонсож, харсан учраас тэр л зүүдлэгддэг болчихлоо. Ингэхэд Монгол Улсад Н.Энхбаяргүй газар байна уу. Тэнд ямар амар амгалан байгаа бол. Тэр хэд хоногийн өмнө долоодугаар сарын 1-ий хохирогчидтой нийл­чихсэн зогсч байсан. Харин өчигдөр МАХН-ын онц их хуралд үг хэлж үзэл бодлоо илэрхийлж байна лээ. Ингээд харахаар үнэхээр сайн ажиллаад байгаа ч юм шиг. Гэхдээ мань хүн Ерөнхийлөгч байхдаа иймэрхүү байдлаар ажиллаад, ард түмэндээ өөрийгөө таниулж байх нь яасан юм бол. “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд яах вэ” гэдэг үгийг түүнд сануулмаар байна. Гудамжны улстөрч болсон хойноо ард түмнээ гээд яах вэ дээ. Түүнд ард түмний төлөө олигтойхон шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй шүү дээ. Гадаад явахаараа өөртэйгээ адилхан тэтгэвэрт гарсан Жак Ширактай уулзаж байгаа хүнд эрх мэдэл байх уу.  

Б.ЭНХМӨНХ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж