Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ. Зарлиг гарсан цагаас хойш өнгөрсөн долоон жилийн хугацаанд давхардсан тоогоор сая гаруй иргэн, 55400 гаруй аж ахуйн нэгж, байгууллага найман сая гаруй тарьц суулгасны 70 орчим хувь нь буюу 5,6 сая мод ургаж байгаа аж.
Гэтэл сонгууль дөхсөн энэ жилийн хувьд мод тарих гишүүдийн тоо нэмэгдэж, “пиар”-ын нэг хэлбэр болжээ гэх хардлагыг нийгэмд төрүүлээд байна. Тиймээс мод тарьдаг эрхэм гишүүд, тарьсан модоо арчлах тал дээр хэрхэн анхаарал хандуулдаг болохыг тодрууллаа.
УИХ-ын гишүүн С.Оюун
-Сүүлийн хэдэн жил мод арчлах тал дээр анхаарал хандуулж байна. Энэ жил дауны синдромтой хүүхдүүд суралцдаг төв дээр очиж мод арчлах ажилд оролцсон. Ер нь “Зориг сан”-гаас санаачлан 63-р сургуулийн хойд талд “Зоригийн төгөл” байгуулж, мод тарьсан. Харин энэ жил манай сангийн залуус мод тарихгүйгээр арчлах зорилго тавиад байгаа юм. Хүмүүс мод тарьж болно. Гэхдээ хашаа хаалттай, арчилгаатай байж ургана. Тэгэхгүй бол дэмий мөнгө, хөдөлмөр зарцуулсан зүйл болчих гээд байдаг талтай. Арчилгаа бол тарихаас илүү чухал. Би БОНХАЖ-ын сайдаар ажиллаж байхад нийт тарьсан модны 60-70 хувь нь ургадаг гэсэн мэдээлэл судалгааг сонсож байсан. Тэгэхээр монголчууд мод тарьж сурч байх шиг байна.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг
-Би мод тарих тал дээр ихээхэн анхаарал хандуулдаг. Өнгөрсөн хугацаанд миний тарьсан мод хэдэн зуун мянгад хүрсэн гэхэд болно. Өмнө нь бизнесийн салбарт ажиллаж байхдаа эмийн ургамал, модлог ургамал тарьдаг хүлэмжтэй болсон. Гэрийн гадаа зуслан дээрээ ч төгөл бий болгосон. Өнгөрсөн бямба гаригт СХД-т 1200 ширхэг мод тарилаа. Өчигдөр өөрийнхөө зуслан дээр 20 гаруй мод тарьсан. Мод тарьж болно хамгийн гол нь усалгааны системээ бий болгох ёстой. Түүнчлэн тасралтгүй гурван жил услаж байж мод ургадаг. Тэрнээс биш зүгээр нэг нүх ухаад, мод авчирч хийгээд байгаа нь мод ургуулах арга зам биш. Тиймээс усалгааны системээ бий болгож байж мод тарих шаардлагатай.
УИХ-ын гишүүн М.Сономпил
-Мод тарих чиглэлээр JCI болон олон нийтийн байгууллагуудтай хамтарч ажилладаг. Энэ жилийн тухайд Дархан-Уул аймагт мод тарихаар бэлтгэлээ базааж байна. Мод тарина гэдэг нь нүх ухаад, суулгац хийгээд орхино гэсэн үг биш, байнга анхаарал хандуулах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал
-Би мод тарьдаг. Манай хашаанд 14 мод бий. Өдөр бүр арчилж, усалдаг.