“Алтаргана -2016” наадам Улаан-Үдэд болно

Хуучирсан мэдээ: 2016.05.16-нд нийтлэгдсэн

“Алтаргана -2016” наадам Улаан-Үдэд болно

Буриад түмний “Алтаргана-2016” наадмыг  ирэх долдугаар сарын 1-3-ны өдрүүдэд ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-гд хотноо зохион байгуулах гэж байна. Энэ тухай мэдээллийг өнөөдөр /2016.05.16/ наадам зохион байгуулагчдын зүгээс сэтгүүлчдэд дуулгав. Зохион байгуулах Үндэсний хорооны дэд  дарга М.Одмандах хэлэхдээ  “Алтаргана -2016 наадамд 20 төрөлөөр  уралдаан тэмцээн зохион байгуулна. Энэ төрлүүд дундаас спортын төрлүүд анхаарал татаж байгаа. Энэ жил шагай наадгай шинээр нэмэгдсэн. Шагай шүүрэх, шагай няслах, буриадуудын дунд соёл болтлоо  хөгжсөн  сээр хугалах  уралдаан ч “Алтаргана -2016” наадамд анх удаагаа оруулж байгааг дуулгахад таатай байна.

Одоогийн байдлаар Дорнод, Хэнтий аймгууд урьдчилсан бага наадмуудаа зохион байгуулж, оролцогчдоо шалгаруулаад байна. Мөн Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгуудад албан бичиг хүргэсэн.  Тус наадамд оролцогчид ирэх сарын 1-ны дотор оролцох мэдүүлэгээ ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын зохион байгуулах хороонд илгээх бөгөөд хоцорсон тохиолдолд урандаанд оролцох боломжгүй” хэмээн  мэдээллээ.

Алтаргана наадам 1994 онд  Хэнтий аймгийн Дадал суманд буриад  дууны уралдаанаар гараагаа эхэлж байсан бол одоо  хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалт наадам болжээ. Энэ жил 12 дахь удаагийн наадам нь ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо  ирэх долдугаар сарын 1-3-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.  Сүүлийн жилүүдэд “Алтаргана” наадам цар хүрээгээ улам тэлж Монгол, Орос, Хятад улсад суугаа буриадууд хүрэлцэн ирж дуу хуур, ёс заншил, эрийн гурван наадмын төрлөөр өрсөлдөх болсон. Энэ удаад буриад ардын дуу, үлгэр магтаал, яруу найргийн тэмцээнээс гадна Сайхан бүсгүй шалгаруулах “Дангина” тэмцээн болох юм байна. 


“Алтаргана -2016” наадам урлаг соёлын дараах төрлүүдээр оролцож болно. Үүнд:

  • “Буриад хүн нэг өдөр” ардын аман зохиолын хамтлагийн уралдаан
  • Буриад ардын дуу дуулаачдын уралдаан
  • Үлгэр, ерөөлч, магтаалчдын уралдаан
  • “Дангина” гоо бүсгүй шалгаруулах уралдаан
  • Ардын гар урлалын үзэсгэлэн
  • “Буриад хувцас: Уламжлал ба, орчин цаг” хувцас загвар зохион бүтээгчдийн уралдаан
  • “Нандин бууц” буриадын амьдрал, аж ахуйг харуулсан уралдаан
  • Орчин үеийн буриад дуу дуулаачдын уралдаан
  • Буриадын яруу найргийн наадам
  • Эссэ бичлэгийн уралдаан
  • Баримтад болон уран сайхны киноны наадам
  • Гэрэл зургийн уралдаан
  • “Алтан цаг” сэтгүүлч сурвалжлагчдын уралдаан
  • Номын үзэсгэлэн уралдаан

Спортын уралдаан тэмцээн

  • Буриад бөх барилдаан
  • Буриад сурын харваа
  • Шагаа наадам
  • Хурдан морины уралдаан
  • Буриад шатар
  • Сээр хугалах гэсэн төрлүүдээр зохион байгуулагдах болно.

Э.ДАРХИЖАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж