УИХ-аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг баталсантай холбогдуулж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Л.Болд, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар өнөөдөр /2016.05.16/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжсэнээр гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болно. Хэргийг зөвхөн байцаалтаар нотолдог байдлыг өөрчилж, байцаалтаас бусад аргаар нотлох эрх зүйн орчин энэ хуулиар бүрдсэн гэж Хууль зүйн байнгын хорооны дарга хэллээ.
Мөн хэргийг илрүүлэх зорилгоор сэжиг таамагт суурилан цагдан хорьдог, энэ хугацаанд гүйцэтгэх ажил гэсэн нэрээр хүний эрхийг зөрчсөн ажиллагаа хийдэг, цагдан хорих байр дамжуулан хорьдог байдлыг дээрх хуулиар хязгаарлажээ. Хүнийг хэн нэгэн албан тушаалтны сэжигт үндэслэн олон сараар хорьж, мөрддөг, эрх чөлөөг нь хугацаагүй хасдаг байдлыг хязгаарлаж, нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд тухайн хүнийг яллагдагчаар татан шалгадаг байх зохицуулалтыг хуульд тусгасан аж. Хэрэг шалгах ажиллагаа нь процессын олон шат дамжин удааширч, хүмүүсийг чирэгдүүлдэг, бусад хэрэг нь нотлогдоогүй байна гэсэн үндэслэлээр хохирогч нарын эрхээ сэргээлэх боломжийг хаадаг байдлыг өөрчилж, нотлогдсон хэрэгт нь ял оногдуулж, бусад хэргийг нь тусгаарлан үргэлжлүүлэн шалгах нөхцлийг хуульчилж өгчээ. Нууцаар хийгддэг мөрдөн шалгах ажиллагааг прокурорын хяналт дор шүүхийн зөвшөөрөлтэйгээр явуулахаар хуульд заасан байна.
Хууль сахиулах ажиллагааны тухай болон холбогдох бусад хуульд хууль сахиулагчийн ажлын дүрмийг нарийвчлан зааж өгчээ. Тухайлбал, Авлигатай тэмцэх газар, Цагдаа, Тагнуул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Тахарын албаны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн талаар мэдээлэл олж авах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор явуулах эрэн сурвалжлах нууц ажиллагааны үндэслэл журам, тэдгээрийн үйл ажиллагаанд тавих прокурорын хяналтын хүрээ, хэмжээ, тусгай ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагын үндэслэл журмыг хуульчилсан байна.
Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Тагнуулын ерөнхий газрын дарга, Авлигатай тэмцэх газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргын зүгээс дээрх хуулиудтай холбоотойгоор Ерөнхий сайдад хандан захидал илгээсэн байсан. Гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлаар. Саналыг нь хуульд тусгасан уу. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа нь дуусах дөхсөн учраас УИХ яаран сандран дээрх хуулиудыг баталлаа гэдэг хардлага бас давхар явсан. Хариулт өгөөч?
Ц.Оюунгэрэл: Хүний эрхийн тэмцэгчид маш сайн мэдэж байгаа. Монгол Улсын хүний эрхийн хамгийн том зөрчил бол эрүүдэн шүүлт. Эрүүдэн шүүлт хийдэг газар нь цагдан хорих төв байдаг. Гарын үсэг зурсан байгууллагын маш их эсэргүүцсэн нэг заалт бол цагдан хорих төвд жирийн иргэн дээр хийдэг гүйцэтгэх ажиллагааг хориглох гэж оролдсоноос бүх зүйл үүссэн. Цагдан хорих төвд малын хулгайгаар орсон хүнд яахаараа 5-6 хэрэг тохчихдог юм бэ гэдэг иргэдийн гомдол байдаг. Хүний эрхийн үндэсний комиссоос гардаг тайланд эрүүдэн шүүлтээ багасгаж өгөөч гэж гардаг. Эрүүдэн шүүлтийг багасгах цорын ганц арга нь эрүүдэн шүүдэг байгууллагад байгаа, эрүүдэн шүүлтэд ашиглаад байгаа мэдээллийг өөрчилж хуульчлахаас өөр арга байгаагүй. Тийм учраас цагдан хорих төвд гүйцэтгэх ажил явуулъя гэж байгаа бол зохион байгуулалттай гэм хэрэг том хэрэг дээрээ явуул. Халаасны хулгай, малгын хулгайгаар орсон хүүхдүүд дээр хэрэг тохохын тулд олон жил байлгах шаардлагагүй гэж хугацааг нь багасгаад цагдан хорих төвд хийх гүйцэтгэх ажиллагааны хугацааг багасгасан. Энэнээс болж дээрх байгууллагуудас бичиг ирсэн. Бид ярилцаад прокурорын хяналтыг байх ёстой газар нь байлгаад, хугацааг нь тодорхойлсон.
УИХ-ын гишүүн Л.Болд сая хэллээ, УИХ-ын гишүүнд байдаг эрхийг Монгол Улсын иргэнд авчирсан хууль юм гэж. Яахаараа Монгол Улсад УИХ-ын гишүүн нь нэг эрхтэй, иргэн нь нэг өөр эрхтэй байдаг юм. Бүгд адилхан өндөр хэмжээний эрхтэй байх ёстой. Тийм зорилгоор бид энэ хууль дээр тэмцсэн. Энэ хуулийг хийхийн тулд хувьсгал хийх дайны юм болсон. Чимээгүй хувьсгал хийх дайтай юм боллоо.
Олон улсын стандартаар ажиллаад өг гэдэг процедур хийх явцад “Бид ийм процедураар ажиллаж чадахгүй” гээд нэг хэсэг нь тэмцээд босоод ирсэн. Энэн дээр дуугарсан, хүний эрхийг хамгаалж дуугарсан хүн бүр лүү зохион байгуулалттай дайралт ирсэн. Энэ хууль батлагдах хүртэл 30 цагийн хугацаанд миний эсрэг мэдээ маш олон вэб сайт дээр гарсан. “Зохиомол танхай эмээ” гэдэг жиргээний хүн гарч ирээд хууль батлагдаж байгаа 9 цагийн хугацаанд 6 фото шоп хийж тавьсан. Эдгээр нь парламентын гишүүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад үзүүлж байгаа дарамт шахалт.
Улс төрийн эр зориг гаргаснууд нь хуулийнхаа төлөө зогссон. Хүний эрхийг дээд зэргээр хамгаалахын төлөө зогссон энэ хууль дээр харамсалтай нь МАН-ын бүлгийн нэг ч гишүүний хуруу хөдлөөгүй.
Ардчилсан нам олонхи болж УИХ-д байсныхаа үр дүнд бид энэ эрх чөлөөг иргэддээ авчирлаа. Өөр нам бол хүний эрхийн төлөө хуруугаа хөдөлгөхөөс айдаг юм байна гэдэг нь дарамт нөхцөлтэй тулгарах үед мэдрэгдсэн. УИХ-ын бүх гишүүд рүү дарамталсан. Манлайлж дуугарсан гишүүд рүү нь гутаах компанит ажил явсан.
Г.ДАРЬ