Монголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар “Хайрын тэнгэр диваажин” тоглолтоо “Эх үрсийн баяр”-т зориулан энэ сарын 23-нд “Монгол бөхийн өргөө”-нд тоглох юм байна. Тэд тоглолт үзэж буй хүмүүст нэгэн сайхан сюрприз барихаар бэлджээ. Азтай нэг үзэгчдийг тодруулж “Алтан Сан” хорооллын хоёр өрөө байрны урьдчилгаа 30 хувь буюу 25.800.000 төгрөгтэй тэнцэх эрхийн бичгийг тоглолтын тайзнаас шууд гардуулах юм байна.
Дуучин А.Түмэн-Өлзий:
-Уран бүтээлд хамтаръя гэсэн саналыг эхлээд Сөрөлт тавьсан. Сөрөлтийн саналыг хүлээж авч, хамтын уран бүтээл туурвиснаас хойш хоёр жил болж байна. Бид хоёрын уран бүтээлийг үзэгчид маань талархан хүлээн авдагт баяртай байдаг. Тоглолтын үеэр үзэгчдийн халуун сайхан уур амьсгал, энергээс урам авдаг. “Хайрын тэнгэр диваажин” тоглолтоо зүүн аймгуудын үзэгчдэдээ толилуулна. Хөдөө орон нутгийн үзэгчид бид хоёрыг хэзээ манай аймагт ирж тоглох вэ гэж утасдаж асуудаг гэлээ.
Хоёр уран бүтээлч үзэгч, сонсогчдынхоо дунд судалгаа явуулж үзэхэд тэдний дууг найман настай балчраас наян настай буурлууд хүртэл сонсдог нь батлагджээ. Уран бүтээлчид ивээн тэтгэгч байгуулагатайгаа нэг жилийн гэрээ хийсэн бөгөөд азтай үзэгчид олгосон 25.8 сая төгрөгийг рекламанд тоглох, баярын арга хэмжээнд дуулах зэргээр барагдуулахаар тохирсон гэдгээ мэдээллээ.
Э.ДАРХИЖАВ