Каннын наадмыг тусгайгийнхан хамгаалж байна

Хуучирсан мэдээ: 2016.05.16-нд нийтлэгдсэн

Каннын наадмыг тусгайгийнхан хамгаалж байна

Каннын олон улсын кино наадам өнгөрсөн долоо хоногт өндөр харуул хамгаалалттай эхэллээ. Наадмыг найруулагч Вүди Аллены "Cafe Society" нэртэй киногоор нээсэн юм.

Парис хотод 130 гаруй хүний аминд хүрсэн халдлага гарснаас хойш зургаан сарын дараа болж буй наадмын аюулгүй байдлыг хангах үүднээс харуул хамгаалалтыг дээд зэргээр чангатгасан бөгөөд Парисын халдлагаас болж зарласан онц байдал одоо ч цуцлагдаагүй хэвээр байгаа юм. Кино наадмын зохион байгуулагчдын хэлснээр наадмын зочдын аюулгүй байдлыг хангахаар тусгай хамгаалалтын 500 гаруй ажилтнууд наадам болж буй “Palais des Festivals”-ыг ажиглаж байгаа ажээ.

Каннын олон улсын кино наадам анх удаа ийм түгшүүртэй нөхцөлд болж байгаа ч уран бүтээлчид, киночид, продюсерүүд наадмын улаан хивсний ёслолд урьдын адил гоёж гоодон, баян тарганаа гайхуулан очсоны дунд хөл нүцгэн очсон хүн ч байгаа юм. Томоохон арга хэмжээнд өмнө нь ч бас хөл нүцгэн давхиж очиж байсан жүжигчин Жулиа Робертс энэ удаа ч мөн урт хөлөө гайхуулах боломжийг алдсангүй. Гэхдээ наадамчид түүнийг өмсөх гуталгүй болоод хөл нүцгэн ирсэн гэж огт бодоогүй.

Наадмын хамгийн том шагнал болох “Алтан далдуу мод” шагналын эзнийг тодруулах шүүгчдийг энэ удаа “Галзуу Макс” киноны найруулагч Жорж Миллер ахлах гэнэ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд мөн Францын жүжигчин Ванесса Парадис, Доналд Сазерланд, Францын кино найруулагч Арно Десплешен, Италийн кино найруулагч Валери Голино, Ираны продюсер Катаюун Шахаби, Унгарын найруулагч Ласло Немес, Данийн жүжигчин Мэдс Миккелсен нар багтжээ.

Наадмын шилдгүүдийг энэ сарын 22-нд зарлах юм. Харин энэ хугацаанд шүүгчид Педро Алмодавр, Жим Жармуш, Ашгар Фаради, Андреа Арнолд, Шон Пенн болон Дарденны ах дүүсийн шинэ уран бүтээлүүдээс дэлгэцийн шилдэг бүтээлийг шалгаруулах ажээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж