Сүүлчийн чуулганаа нэр төртэй дуусгаасай

Хуучирсан мэдээ: 2016.05.16-нд нийтлэгдсэн

Сүүлчийн чуулганаа нэр төртэй дуусгаасай

З.Энхболдын парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад сар гаруйн хугацаа үлдээд байна. Дөрвөн жилийнх нь хамгийн сүүлийн чуулгандаа оролцох гишүүдийн идэвх харин муу байгааг онцлох нь зөв биз. Сонгуулийн чимээ айлсахтай зэрэгцээд намууд болон улстөрчдийн дунд анхаарал хандуулах асуудал олон байгаа. Гэвч, сонгогчдынхоо итгэл, дараа дараагийн улс төрийн карьераа бодсон ч УИХ-ын гишүүд ажилдаа идэвхтэй оролцмоор байна.

Учир нь тавдугаар сар гарсаар чуулганы хуралдаандаа суудаг гишүүд цөөрч,  хэдхэн хүний үзэмжээр хуулийг хэлэлцэж, баталдаг буруу жишиг тогтож байна.  Байнгын хорооны хуралдаан ирц хүрэхгүй гэх шалтгаар удаа дараа хойшлогдох нь хэвийн үзэгдэл болов. Ордноос салдаггүй улстөрчид ордон дотроо ховорхон үзэгддэг болж.

Спикерийн зүгээс УИХ-ын чуулгандаа идэвхтэй оролцохыг намуудын бүлгүүдэд уриалах болсон ч даргынхаа үгэнд ордог гишүүд тун цөөхөн байна гэж хэлж болно. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн баасан гаригт МАН-ын бүлэг “бойкот” зарлаж үдээс өмнөх чуулганы хуралдааныг гацаасан нь худлаа биш. Ямар сайндаа л УИХ-ын дарга  З.Энхболд, дэд дарга Р.Гончигдорж нар МАН-ын бүлгийн гишүүдийг чуулганы хуралдаа суухыг гуйх болсон.   Нэр дэвшиг, тойрог олж авах, тойргоо хамгаалж үлдэх гээд гишүүдийн хувьд амьсгаа дээгүүр байгаа нь үнэн ч хийх ёстой ганц ажил нь хууль хэлэлцэн батлах явдал шүү дээ.

Уг нь сүүлийн ганц чуулгандаа идэвхтэй оролцвол УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр “биеэ халааж” байгаа гишүүдэд ч, парламентынх нь нэр хүндэд ч хэрэгтэй баймаар.   Сонгуулийн бус жилүүдэд  хаврын чуулганы завсарлах хугацаа долдугаар сарын 1. Гэхдээ жагсаасан асуудлуудаа хэлэлцэж амжаагүй бол долдугаар сарын 10 хүртэл хугацаа сунган хуралдах явдал бий.

Харин энэ жилийн хувьд зургадугаар сарын 29-нд УИХ-ын ээлжит сонгууль болно. Үүнээс сарын өмнө буюу энэ  сарын 20-23-ны өдрүүдэд  нэр дэвшигчдээ намууд тодруулж, сонгуулийн сурталчилгаа  зургадугаар сарын 11-28-ны хооронд өрнөнө.  Улстөрчид, нэр дэвшигчид тойрогтоо ажиллах боломжийг хангахын тулд УИХ-ын дарга захирамж гарган, хаврын чуулганыг завсарлуулах хугацаа наашлуулах боломж бий. Тэгэхээр тавдугаар сарын сүүлээр юмуу зургадугаар сарын эхээр УИХ-ын чуулганыг завсарлуулах байх гэсэн хүлээлт байна. Үүнээс өмнө хэлэлцэж, хугацаатай хуулийн төслүүд УИХ дээр байна.  Тухайлбал, 2016 оны Үндсэн чиглэл, 2017 оны  Төсвийн хүрээний мэдэгдлийг зургадугаар сарын 1-нээс өмнө УИХ-аар хэлэлцэж баталсан байх ёстой юм. Тиймээс хамгийн сүүлчийн чуулгандаа гишүүд идэвхтэй оролцож, ядаж л камерын өмнө сонгуулийн “шоу”-гаа хий л дээ. Чуулганы танхимд хэдхэн хүн суучихаад “төгөлдөр хуур” тоглоод байж боломгүй байна. Тэр тусмаа дөрвөн жилийн бүрэн эрх нь дуусгавар болж байгаа нөхцөлд шүү дээ.

Намуудын дунд нэр дэвшигчээ тодруулах, тойрог хуваарилах ажил ид өрнөж байна. Улстөрчид ч хор, ховоо найруулах гээд юун УИХ-ын чуулганы хуралтай, манатай байх шиг.  Гэтэл хаврын чуулганаар зайлшгүй хэлэлцэж, батлах ёстой хэд, хэдэн хуулийн төсөл УИХ-ын хүлээлгийн танхимд хэвтэж байгааг сануулахад буруудахгүй болов уу.  Тухайлбал, эдийн засаг, санхүүгийн шинэчлэлийн үргэлжлэл болох Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль зэргийг  энэ жилдээ хэлэлцэн батлахгүй бол НӨАТ-ыг шинэчлэн баталсны үр дүн гарахгүй гэж эдийн засагчид зөвлөж байгаа юм.

Бүрэн эрхийнхээ хугацааны дийлэнхийг сандал суудал, сайдыг огцруулах асуудалд зарцуулсан З.Энхболдын парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох өдрүүд ийнхүү ойртсоор байна. Өнөөгийн парламентын хувьд  дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаанд нийтдээ 12 удаа сайд огцруулах, засаг унагах асуудлыг хөндөж байжээ.  Засаг унагах, засаг огцруулах, засгийн асуудлыг хэлэлцсэн чуулганы хуралдаан болгон хамгийн өндөр ирцтэй байсан байна. Өөрөөр хэлбэл, чуулганы хуралдаа суудаггүй  зарим “долоовор” хуруудыг засаг огцруулах, сайдын асуудлыг хэлэлцсэн чуулганы хуралдаанаар л хардаг байсан нь худлаа биш.

Харин улстөржих боломж нь өдрөөр хязгаарлагдаж байгаа өнөөгийн парламент хамгийн сүүлийн чуулганаа ядаж л нэр бүтэн аваад гарах байх  гэж найдъя. Дөрвөн жилийнхээ талцал, тэмцэл, улстөржилтөө  орхиод үлдсэн цөөхөн хоногт  УИХы-н гишүүд минь үндсэн ганц ажилдаа идэвхтэй оролцмоор байна.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж