Шүдний сойзны үс хатуу, хатуувтар, дунд, зөөлөвтөр, зөөлөн үстэй байдаг ба тухайн хүн өөрийн амны хөндийн хэмжээ, салст, зуултын төлөв, шүдлэлт нас зэргээс хамааруулан сонгоно.
Хүүхдийн сойзны толгойн урт 18-25мм, өргөн нь 7-9мм, томчуудын шүдний сойзны толгойн урт 23-30мм, өргөн нь 7,5-11мм байвал зохимжтой.
Сойзны эгнээ өргөөшөө 3-аас илүүгүй, хоорондын зай өргөөшөө 1,5-2мм байвал тохиромжтой.
Сойзны үсний орой мохоо мөртлөө, багц үсний толгой конус хэлбэртэй байх нь шүдний ховил, завсрыг цэвэрлэж өгдөг давуу талтай.
Сойзны үсний төв эсвэл толгойн хэсэгт байдаг өнгөтэй үснүүд нь хатуу байдаг. Үүгээр шүд, шүдний завсар, дутуу ургасан шүдийг угаахад тохиромжтой. Хажуугийн цагаан өнгөтэй үс буйл орчмыг угаахаас гадна буйланд иллэг хийнэ.
Ямар төрлийн шүдний сойз худалдан авахад тохиромжтой вэ?
Шүдний сойзны бүрэлдэхүүн хэсгүүд амны хөндийг гэмтээхээргүй байх
Сойзны хатуу үснүүд нь буйл болон амны хөндийг шархлуулахгүй байх
Сойзны бариул нь бат бөх, өдөр тутам ашиглах боломжтой байх
Сойзны толгой аманд хангалттай багтаж байхаар сонгох /амнаас том байж болохгүй/
Сойзоо хэрхэн цэвэрлэж хадгалах вэ?
Шүдний сойзыг 3-4 сар тутам сольж байх шаардлагатай. Сойзыг удаан хугацаагаар хэрэглэснээр амны хөндийд байрлах бичил биетэн сойзонд дамжин хадгалагдсанаар сойз нь нян тараах нөхцөлийг бүрдүүлдэг.
Шүд угаасны дараа шүдний сойзыг урсгал усанд ооны үлдэгдэл, сойзны үсний сэмэрсэн хэсгийг зайлж байх
Сойзыг агаар хуурай газар босоо байрлалаар байлгана. Сойзыг ил, чийгтэй газар байлгаснаас нян өсөж үржих нөхцөл болдог байна.
Гэр бүлийн гишүүд сойзоо тусдаа тавих эсвэл зориулалтын сойзны толгой хэрэглэх шаардлагатай. Учир нь сойзыг зэрэг нэг газар тавих үед нэг сойзноос нөгөө сойз руу нян дамжих нөхцөл бүрдэж өгдөг.
Эх сурвалж: doctorpro.mn