Голден Стэйт Уарриорс, Оклахома Сити Тандер багууд плейоффт гуравдахь удаагаа таарч тоглох гэж байна. Гэхдээ Тандер нэрийг авч, Сиатлд ирснээсээ хойш анх удаагаа хасагдах шатанд, тэр тусмаа бүсийн шигшээд хоорондоо тоглохоор болжээ.
Шалтгааныг тоочвол ОКС-г плейоффт гарсан жилүүдэд Уарриорс эхний шатыг давдаггүй баг байсан бол Уарриорсыг мандан бадрах үед ОКС гэмтэл бэртлээс холуур байж чадаагүй юм. Таамаглаж байгаачлан энэ цуврал сагсан бөмбөгийн түүхэнд тодоор бичигдэн үлдэх, довтолгооны цуврал байх болно.
Анхаарлын төвд:
Сүүлийн гурван жилийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг авсан тоглогчид: Стефен Көрри 2, Кевин Дурант 1
Сүүлийн долоон жилийн зургаад нь онооны аварга болсон тоглогчид: Көрри, Расселл Уэстбрүүк, Дурант (дөрвөн удаа)
2016 оны бүх оддын тоглолтонд оролцсон таван тоглогч: Көрри, Клей Томпсон, Дрэймонд Грин, Дурант, Уэстбрүүк
2015-16 оны улиралд өрнөд бүсийн сарын шилдгээр таван удаа шалгарсан тоглогчид.
Улиралд: 3-0 Уарриорс
Улиралд Голден Стэйт Уарриорс баг 3-0 харьцаатай илүүрхжээ. Гэхдээ нэг нь нэмэлт цагт Көрригийн хэт холоос оруулсан холын зайн шидэлтийн ачаар шийдэгдсэн гэхээр 2-1 гэж тооцож ч болох талтай.
Гэхдээ одоо энэ үр дүн чухал биш. Хамгийн гол нь дөрөвдүгээр үеийн тоглолт. Гурван хожигдолд Оклахома Сити Тандер баг оноогоор илүү эсвэл тэнцүү байдалтайгаар дөрөвдүгээр үеийг эхлүүлж байж. Гэвч 12 минутын дараачаар ялагч нь Уарриорс болдог байсан.
Түүнчлэн Стеф Тандерын эсрэг улиралд 35.0 оноог дунджилсан бөгөөд ихэнх тохиолдолд Уэстбрүүк хамгаалж байх үед өндөр формтой тоглолтоо харуулсан байх юм. Тэгэхээр Билли Донован хамгаалалтын өөр хувилбар, сонголт бодож гарч ирэхгүй л бол Стеф энэ цувралыг X-Factor нь байхнээ.
Голден Стэйт Уарриорс
Уарриорст санаа зовох ёстой асуудал гэвэл Көрригийн өвдөг болон Богутын булчингийн гэмтэл. Хэдийгээр Богут багийнхаа бэлтгэлд хамрагдсан боловч, эхний тоглолтонд оролцох эсэх нь тодорхой бус байна. Бусад зүйлс дээр санаа зовох зүйл үнэндээ алга. Мөрдөгдөж ирсэн систем, ашиглаж сурсан тавт, тоглолтыг эхлүүлдэг бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шаардлага байхгүй.
Нэг сайн мэдээ байгаа нь хэдийгээр хамгийн олон оноог Стефен Көрри авч байгаа боловч, энэ жилийн плейоффт бөмбөгөнд хүрч, довтолгоонд оролцож буй тогоороо Клей Томпсон, нийт тоглогчдыг тэргүүлж байгаа. Энэ нь Уарриорсын довтолгоо Стефээс 100% хамааралтай биш гэдгийг харуулж байгаа хэрэг.
Оклахома Сити Тандер
Оклахома Сити Тандер баг Сан Антониог хожиж гарч ирсэн шалтгаан бол тэдний хурд. Самбартаа тэд 2-2 төвтэйгөөр сайн хамгаалж, эргээд хурдан довтолгоонд шилжиж байсан бол энэ удаад огт өөр арга барилтай багийн эсрэг тоглох гэж байна.
Ижилхэн хурдтай, тэгэхээр ОКС-н үндсэн арга барил энэ цувралд давуу тал болж чадахгүй. Сан Антонио тэдэнтэй ижил арга барилаар буюу бөмбөгний шилжилтээр бус, хувийн ур чадвараар халз үзсэн бол Голден Стэйт Уарриорс дээрхи хоёрыг нэгтгэж чадсан төгс баг.
Тэгэхээр ОКС-д цувралыг хяналтандаа байлгах төвөө сайн ашиглах, хэцүү ч гэсэн энэ бол ялах цорын ганц арга.
Сэлгээ:
Сэлгээний хувьд асар ялгаатай хоёр баг. Уарриорсын сэлгээнээс Ливингстон, Игуодала зэрэг найруулагчид гарч ирдэг бол тэдний хамгаалалтыг Фестус Эзели хариуцна, үүн дээр нь Маррис Спейтсийн дунд болон холын шидэлтүүдийг тооцоолох хэрэгтэй.
Харин ОКС-н сэлгээнээс Энес Кантер, Дион Уэйтэрсийг хоёрыг л тооцох нь зүйтэй. Бусдаар бол плейоффт ашиглаж, хэрэг болж буй тоглогч бараг байхгүй. Харамсалтай нь Дион Уэйтэрс тоглолтыг найруулах чадвар илт дутдаг учраас Дурант, Уэстбрүүк хоёр ээлжиж, амран, ээлжиж бөмбөгний эрх мэдлийг өөрсдөдөө авдаг.
Тэгэхээр Кантер сэлгээнээс гол өөрчлөлтийг авч ирэх ганц хүн нь болж таарч байна. Уарриорсын сэлгээний хажууд бол дутна аа дутна.
Гараа:
Тоглолтын эхлэл хамгийн чухал. ОКС илүү эхэлсэн нөхцөлд, Дурант, Уэстбрүүкт ирэх ачаалал харьцангүй бага байж чадах бөгөөд тоглолтын төгсгөлрүү гол хоёр тоглогч нь эрч хүчтэй орох нь чухал. Яг үүнтэй адилаар тэд цувралын эхний хоёр тоглолтын аль нэгэнд нь хожиж чадахгүй л бол ялах магадлал нь улам бүр багасна. Цувралыг 0-2 гээд эхлүүлсэн тохиолд талбайдаа хийх хоёр тоглолтынхоо аль нэгт нь хожигдохгүй гэх баталгаа үгүй билээ.
Дурант, Уэстбрүүк хоёр ээлжлээд л заслон дээрээс алдахгүй шидээд байвал тэднийг Space Jam-н мангасууд ч зогсоож чадахгүй биз.
Мөн хэний арга барилаар тоглолтыг явуулах вэ гэдгийг түрүүлж шийдэх хэрэгтэй. Стив Керр дасгалжуулагчийн амжилтын гол хөзөр бол жижиг тавт. Энэ системд дэндүү тохирсон гэмээр тоглогчидтой. Ямар ч сайн самбартай багийн эсрэг тэр өөрийн үндсэн арга барилаараа харуулсаар, өрсөлдөгчөө өөрийнхөө тоглолтонд уусгаж чаддаг бөгөөд ингэсэн нөхцөлд тоглолт Уарриорсынх болдог.
Тиймээс самбарын тоглогчдоо ашигласан давуу байдлыг эхлээд үүсгэх гэж оролдох хэрэгтэй. Гэвч энэ арга барил амжилт олохгүй бол маш богино хугацаанд маневр хийх хэрэгтэй. Хүчлээд зүтгээд л байвал онооны зөрүү улам бүр л холдоно.
X–Factors:
Хамгаалалт биш довтолгоо энэ цувралын гол хүчин зүйл байх болно.
Уарриорсын цувралыг шийдэх гол хөзөр нь тэдний хурд болон жижиг тавт, сэлгээ байх бол ОКС-ын хувьд Дурант, Уэсбтрүүкээс бүх зүйл хамаарна. Тэд хоёулаа өөлөх зүйлгүй сайн байсан цагт л ОКС-д ялах боломж гарч ирнэ.
Өөр нэг чухал хүчин зүйл бол бөмбөг алдалт. Уэстбрүүкийг тав болон түүнээс доош бөмбөгөө алдахад ОКС 43-14 амжилттай тоглодог бол, 5+ үед 12-11 гэж тогложээ. Тэгэхээр Уэстбрүүк бөмбөгөө алдахгүй байх нь маш чухал.
Туршлагаар нэгнээсээ илүүрхэх тухайд яриад хэрэггүй биз. Уарриорс хоёр жил дараалан бүсийн шигшээд үлдэж байгаа бол Тандер сүүлийн 6 жил дөрөвт нь энэ шатанд тоглож байгаа юм.
Хэмнэл:
Хурд бас дахин хурд. Алдриж, Данкан хоёр зэрэг талбайд байгаа үед Спөрс хасах оноотой байсан шиг, ОКС-ын самбарын гол гурван тоглогч зайлшгүй нэг нэгээрээ л самбараа манах үүргийг хүлээж таарна. Эхлээд Ибака, дараа нь Адамс, гуравдахь нь Кантер. Үгүй бол бөмбөгний шилжилт сайтай, дээр нь хурдтай багийн эсрэг аварга биетнүүд багаа хойш чирэх магадлалтай.
Тэгэхээр Кантераас энэ цувралд Донован их зүйлийг хүлээх шаардлагагүйгээр барахгүй, Дурантыг төвд тоглуулахыг хувилбарыг давхар бодож байхад илүүдэхгүй биз. Кантер Спөрсийг ялахад гол шалтгаануудыг нэг байсан бол энэ удаад чадахгүй. Сэлгээнээс өөр баатар хайсан нь дээр.
Таамаг:
4-2 Уарриорс
Ганц л зүйлийг баттай хэлнэ. 4-2 ч бай, 4-3 ч бай энэ цуврал үзүүштэй, довтолгоотой гоё цуврал болох болно.
Спөрстэй хийсэн цувралыг март. Одоо огт өөр сагсан бөмбөгийн арга барил, огт өөр багтай тоглох гэж байна. Адаглаад л Спөрс сул шидэлтээ хэтэрхий олон алдсан бол Уарриорсыг тэгнэ гэж найдах хэрэггүй, тэгэхээр хамгаалалтаасаа эхлээд л огт өөр цуврал биднийг хүлээж байна.
Б.ЯЛАЛТ