Нөөцийн мах худалдаанд гарч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.05.16-нд нийтлэгдсэн

Нөөцийн мах худалдаанд гарч эхэллээ

-Үхрийн ястай 1 кг ястай махны жижиглэн худалдаалах үнэ 5750 төг, хонины ястай мах 5400 төг, ямааны мах 4400 төгрөгийн үнэтэй байх ажээ-

Удтал хүлээсэн нөөцийн мах өнөөдрөөс /2016.05.16/ эхлэн худалдаанд гарч байна. Нөөцийн махны худалдааны нээлтийг “Баатрууд тэнгэр” компанид хийж, жижиглэн түгээгчдэд хүргэн өгсөн байна.

Нөөцийн махыг худалдаанд гаргах “Мах” хөтөлбөрийн хамгийн гол зорилго нь махны үнийг тогтворжуулах юм. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амыг хавар 4-5 дугаар сараас эхлэн тухайн жилийн долдугаар сар хүртэлх хугацаанд хямд мах худалдаалж, махны үнийг барихын тулд урьд өвөл нь мах нөөцөлдөг болсоор удаж байна. энэ жилийн хувьд “Баатарууд тэнгэр” ХХК, “Дархан мийт фүүдс”, “Эй Эн Ди Эм”, “Мах импэкс”, “ХКҮ”, “Эрдмийт”, “Саян Уул” зэрэг компаниуд хот суурингийн хүн амыг  нөөцийн махаар хангана.

Нөөцийн махыг нийслэл хот болон Дархан, Эрдэнэтэд сонгосон борлуулалтын цэг, дэлгүүрээр тогтвортой үнээр худалдаалах юм. Үүнд: Үхрийн ястай 1 кг ястай махны жижиглэн худалдаалах үнэ 5750 төг, хонины ястай мах 5400 төг, ямааны мах 4400 төгрөгийн үнэтэй байх ажээ.

Нөөцийн мах бэлтгэсэн нэр бүхий компаниудад нийт 25 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 12,5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон байна. Уг зээлийг 2018 оны наймдугаар сар хүртэлх хугацаанд олгож байгааг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа онцоллоо. Өнөөдрийн байдлаар долоон аж ахуйн нэгжтаван мянган тонн махыг нийслэлийнзургаан дүүрэгт борлуулахаар бэлтгэл ажлыг хангажээ.

2013-2015 онд хэрэгжсэн “Махны нөөц бүрдүүлэх үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд давхардсан тоогоор долоон компанид 198.4 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгож, 40.5 мянган тонн махыг нөөцлөн худалдан борлуулсан байна. Хөтөлбөрийн дагуу 2013 онд бэлтгэсэн нөөцийг 100 хувь Монголбанк санхүүжүүлсэн бол 2014 онд 80 хувийг Монголбанк, үлдсэн 20 хувийг арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр, 2015 онд 60 хувийг Монголбанк, 40 хувийг банкууд эх үүсвэрээрээ санхүүжүүлжээ. Харин энэ жилийн тухайд махны нөөцийн бүх санхүүжилтийг арилжааны банк өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлж, хяналт тавих юм. “Мах” хөтөлбөрийн хоёр дахь томоохон зорилго нь махны экспортыг нэмэгдүүлэх бөгөөд тун удахгүй /тавдугаар сарын 23-ны өдөр гэхэд/ мах экспортлох эрхтэй аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох ажлыг эхлэхээр бэлтгэл ажлыг хангаад байгааг салбарын сайд мөн үеэр дуулгалаа.

Хаврын эхэн саруудад огцомнэмэгдсэнмахны үнэ одоогоор хараахан буураагүй байгаа юм. Тиймээс нөөцийн махыг яг цагаа олж гаргалаа хэмээн иргэд ам сайтай байна. Энэ жилийн хувьд нөөцийн махны үнэ ханш зах зээлийн үнээс 16,9-32,3 хувиар хямд байгаа ажээ.

Махны жижиглэн худалдаалах үнийн харьцуулалт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж