МАХН-аас гарсан гишүүд рүү памперс шидлээ

Хуучирсан мэдээ: 2016.05.16-нд нийтлэгдсэн

МАХН-аас гарсан гишүүд рүү памперс шидлээ

МАХН-ын гишүүн Д.Батмөнх, Д.Энхжаргал, А.Үүрцайх нарын гишүүд дэмжигчид намаасаа гарч байгаагаа мэдэгдлээ. Тэд МАН-тай эвсээгүй учраас ийм шийдвэр гаргасан бөгөөд хоёр намын дарга нар эвсэж чаддаггүй юм бол гишүүд дэмжигчид нь эвслийг харуулна гэж мэдэгдэхээр хэвлэлийн хурал хийж байна гэсэн юм.

МАХН-ын гишүүн Д.Батмөнх хэлэхдээ: Аливаа жижиг зүйл том руу тэмүүлж байдгийг Ардчилсан нам харуулж чадлаа. Тиймээс бид нийтийн ашиг сонирхлын төлөө том нам руугаа тэмүүлж байна. Ганцаараа явбал хурдан явна, олуулаа явбал хол явна гэдэг үг байдаг. Тиймээс бид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлээд намаасаа гарч байна. Бидний эрхэнд халдаж урвагч шарвагчаар нь дуудаж байгаад би гайхаж байна.  Урвагч гэдгийг эх орон ард түмэн, хань ижлээсээ урвасан хүнийг хэлнэ гэж боддог. Гэтэл Ардчилсан нийгмийг бид өөрсдөө бүтээн байгуулчихаад ардчилсан эрхээ эдлэхийг урвалт гэж үзэхгүй. Яагаад гэвэл МАН бидэнтэй үзэл баримтлал нэгтэй тулгатай нам юм. Тиймээс том эрх ашгийн төлөө сонголт хийж байгааг ойлгох хэрэгтэй байх.

Хэвлэлийн хуралд оролцож буй Д.Энхжаргал, А.Үүрцайх нар МАН-тай эвсэх ёстой байсан гэдэг дээр санал нэгтэй байгаагаа илэрхийлж, МАХН-аас гарч байгаагаа дуулгалаа. Энэ үед МАХН-ын ахмад гишүүд дэмжигчид Монгол ньюс мэдээллийн төвд дайрч орж ирээд, хэвлэлийн хурал хийж байсан нөхөд рүү памперс шидэж “та нар Тэрбишдагвыг Шадар сайд байхад нь зөөлөн суудал авч байсан биз дээ. Энэ намын нэр дээр идэж ууж явсан чинь худлаа юм уу. Ичих нүүргүй, нэр нүүрээ МАН-д худалдсан урвагчид” гэх мэтээр дайрч хэвлэлийн хурлыг тараалаа.

Эсэргүүцэл илэрхийлэхээр ирсэн, хэвлэлийн хурал хийж байсан нөхөд рүү памперс шидсэн Баянхонгор аймгийн МАХН-ын гишүүн А.Одончимэг “МАХН бол асар их тэмцэл дотроос энэ нэрээ олж авсан. Өнөөдөр хэвлэлийн хурал хийж байгаа нөхдүүд бол жирийн гишүүдийн дэмжлэгээр гарч ирсэн намын минь өрөм, тос өөхийг нь хамж авчихаад, одоо гарна гээд сууж байна. Манай намын дарга Н.Энхбаяр шоронд орчихоод байхад бид Д.Тэрбишдагва гишүүнийг хүндэтгээд хамгийн том албан тушаал буюу Шадар сайдын суудалд суулгасан. Гэтэл тэрээр албан тушаал наймаалцалж, мөнгө төгрөгөөр томилгоо хийсэн гэдгийг би сонссон. Өнөөдөр хэвлэлийн хурал хийж байгаа хүмүүс бол тухайн үед агентлагын дарга хийж явсан хүмүүс. Эдгээр хүмүүс манай намын мянгатуудын дарга нарыг мөнгөөр худалдаж авч ирээд суулгачихсан байна. МАХН эзгүйрч байгаа нь намын даргатай холбоогүй. Яагаад гэвэл МАН-ынхан Н.Энхбаяр гэдэг хүнийг ганцаардуулаад, намын гишүүдийг нь авна гэсэн бодлогоор ийм зүйл болж байна” гэсэн юм.

Ийнхүү МАХН-ын гишүүдийн дунд ширүүн тэмцэл өрнөж, Д.Батмөнх нарын хүмүүс заалыг орхин гарснаар хурал өндөрлөв.

Зураглаач Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж