Нар хур тэгширч наадам ойртоод хэн гэдэг хүчтэн түрүүлж, хэний хүүгийн морь айрагдаж, наадамчин олноо баясгах бол хэмээн хүлээх энэ цагт. Дэнж гоён наадах наадмын торгон ногоон дэвжээг хуушуур, айраггүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Шандаст хурдан хүлгийн тоосонд даруулж хийморь лундаагаа сэргээх гэсэн мянга мянган наадамчин түмэн Хүй долоон худагийг зорин очдог билээ. Үүнтэй нэгэн адилаар наадмаар хуушуур зарж хэдэн төгрөг олох санаатай хүмүүс ч цөөнгүй. Гэтэл тэдэнд хаана хуушуураа зарах вэ гэдэг асуудал тулгардаг. Хуушуураа зар гээд газрын төлөө ёстой л “Бага газрын их тулаан” гэгч болно. Овсгоо самбаатай сэргэлэн нэгэн нь танил тал юу байдаг түүнийгээ ашиглан эртхэн хэдэн газар худалдан авчихна. Чингэтэл наадам ойртоод ирэхээр хэн хүнгүй хуушуур зарах газар хайж эхэлнэ шүү дээ. Хайсан зүйл нь олдох нь олдоно. Гэтэл бэрд үү, байцаагч уу гэмээр зальжин нэгэн нь “Зарна” гэсэн зар тавин занхайн суучихна. Газар хайсан хөөрхийс өнөөх бэрдийн урд хойно нь орон байж, олдсон дээр нь хэлсэн үнээр нь наашаа харж инээн цаашаа харан ярвайж байгаад л авна даа. Наадам гэдэг чинь уул нь наймаалцахын шалтгаан биш юмсан. Хүлэг морин уралддаг наадмын ногоон зүлгэн дээр газрын наймаа цэцэглэн хөгжиж байна. Газар гэдэг чинь хэний баялаг юм ард түмний баялаг баймаар. Асуудал үүнд л байгаа юм. Ядарсан нэгэндээ газар зарж бизнес хийж байгаа тэр хүмүүс хөөрхий гэлтэй. Томоохон хэдэн баяраар наймаа арилжаа эрхлэгчид ийм янзаар газрын наймаанд өртдөг нь зөвхөн энэ биш шүү. Хэдхэн хуушуур зархын тулд хумсаа хугалахаас наагуур юм болдог нь тун харамсалтай. Монгол наадам чинь газрын наймаа эрхлэгчдийн баяр болсон мэт. Газрын албанаас зааж өгсөн газрын хэмжээ нь “Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй” гэдэг шиг хэдхэн метр газар өгөөд цөөхөн хэдхэн Монголчуудаа алалцуулж байдаг нь наадгай мэт. Хөөрхийс хуушуурын наймаа эрхлэхийн тулд мэддэг чаддаг хэн нэгэн хүний бизнесийн золиос болж байна. Зах зээл хатуу зарчимтай ч хэдхэн монголчууд бие биедээ элэгтэй байвал хөгждөггүй юмаа гэхэд хуушуураа хямдхан идэх байхдаа. Алга дарам газрын амт гэдэг чинь энэ шүү дээ. Наймаагаа болиод наадмаа хийе л дээ, наймаачид аа.
Э.БАЯСГАЛАН
"Улс төрийн тойм" сонин