Буйр нууран дахь эрлийг зогсоохоор болжээ

Хуучирсан мэдээ: 2016.05.16-нд нийтлэгдсэн

Буйр нууран дахь эрлийг зогсоохоор болжээ

Өнгөрсөн сарын 24-ний өглөө Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт хоёрдугаар багийн нутаг, Буйр нууранд /эрээс 400 орчим метрийн дотогш/ загасчилж явсан дөрвөн хүн завьтайгаа хөмөрч, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Осолдсон дөрвөн хүний нэг нь мөсөн дээр осгож нас барсан байдалтай байсныг Хилийн цэргийн 0306-р ангийн дугаар заставын хилчид завиар очиж эрэг дээр гаргасан юм. Харин дараа нь тавдугаар  сарын 08-нд 16 удаагийн шумбалт хийж, 17:40 цагийн үед 42 настай эрэгтэй Г-ийн цогцсыг гаргажээ. Түүнээс хойш үлдсэн хоёр хүний цогцсыг онцгой байдлын алба хаагчид хүч нэмэгдүүлэн өдийг хүртэл эрж хайсан ч олоогүй байгаа юм.

Онцгой байдлынхан өчигдөр л гэхэд зургаан удаа шумбалт хийж, завиар зургаан удаа эргүүл хийсэн байна. Эрэл ямар  ч амжилтгүй байгаагаас осолдсон хоёр иргэнийг эрэх эрлийг цааш үргэлжүүлэх боломжгүй болжээ. Ар гэрийнхнийх нь зүгээс аргагүй нөхцөл байдлыг ойлгон, эрлийг зогсоохыг зөвшөөрчээ.

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж