Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр эхний наймд бичигдсэн багууд урилгаар оролцдог бөхийн чөлөөт барилдааны “Дэлхийн цом”-ын тэмцээн зургадугаар сарын 11-12-нд болно.
АНУ-ын Лос-Анжелос хотод болох тэмцээнд Монголын эрэгтэй шигшээ багийн тамирчид өрсөлдөхөөр бэлтгэж байна. Манай тамирчид 2015 оны ДАШТ-д дөрөвдүгээр байрт шалгарсан билээ. Тэмцээний сугалаа ёсоор Монголын баг “А” хэсэгт Гүрж, ОХУ, Туркийн шигшээ багтай таарсан бол “Б” хэсэгт Азербайжан, АНУ, Иран, Энэтхэгийн багууд багтжээ.
Монголын эрэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид энэ өдрүүдэд ОХУ-ын Красноярск хотод хамтарсан бэлтгэл хийж байна. “Дэлхийн цом”-д өрсөлдөх баг тамирчдыг Шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр удирдана.
Б.ЭНХ