“Саусгоби сэндс” 10 жилийн ойгоо угтан мод тарив

Хуучирсан мэдээ: 2016.05.16-нд нийтлэгдсэн

“Саусгоби сэндс” 10 жилийн ойгоо угтан мод тарив

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Бүх нийтийн мод тарих өдөр”-ийг тохиолдуулан “Саусгоби сэндс” ХХК Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд улиас, монос, чацаргана, долоолгоно, голт бор зэрэг нийт 335 мод тарилаа.

Тус компани байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд манлайлагч нь байж, байгаль хамгаалах ажиллагаанд нийт ажилчид болон нутгийн иргэдийн оролцоог хангах зарчмыг баримтлан ажилладаг. Хэрэгжүүлж буй байгаль орчны хөтөлбөрийн хүрээнд байгаль хамгаалах үндэсний болон олон улсын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан тус компани 2013 оноос хойш жил бүр мод тариж байна. Үүнд 2013 онд Овоот Толгой уурхайн нийт ажилчид, орон нутгийн засаг захиргаа, нутгийн иргэдийн оролцоотойгоор Гурвантэс сумын төвд байрлах Урт булаг дээр, 2014 оны хавар Өмнөговь аймгийн Даланзадгад сум болон Гурвантэс сумын Урт багийн нутаг байрлах байгалийн үзэсгэлэнт газар болох Хайлаастын аманд тус тус мод тарив. Мөн 2015 оны намар Овоот толгой уурхайн ангийн хашаанд 400 ширхэг чацаргана тарьсан бол энэ жил “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг угтан өнгөрөгч 4-р сарын 28-нд уурхайн орчмыг тохижуулан 100 ширхэг сухай, 100 ширхэг хайлаас мод тарилаа. 

“Саусгоби сэндс” ХХК 10 жилийн ойгоо угтан “Нэг ажилтан-нэг мод” хөдөлгөөн өрнүүлж, мод тарив

Монгол Улсын топ аж ахуйн нэгжүүдийн нэг, шилдэг татвар төлөгч, шилдэг ажил олгогч, уул уурхайн салбарын манлайлагч компаниудын нэг Саусгоби сэндс ХХК байгуулагдсаны 10 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан өнөөдөр нийслэл хотын иргэдийн амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрөөх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийт ажилчдынхаа тоогоор ийнхүү мод тарилаа. Тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Ч. Мөнхбат энэ үеэр хэлсэн үгэндээ: “Манай компани Өмнөговь аймгийн Даланзадгад болон Гурвантэс суманд жил бүр мод таридаг сайхан уламжлалтай. Ойгоо тохиолдуулан бид анх удаагаа өнөөдөр нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулж, ажилтнуудынхаа тоогоор мод тавьж байгаадаа тун баяртай байна. Мөн Өмнөговь аймгийн Сэврэй суманд 100 мод тарина. Нэг мод тарих нэг насны буян. Хоёр мод тарьвал хойд насны буян гэдэг билээ. Ирээдүй хойч үедээ ногоон дэлхийг үлдээхийн төлөө бидний тарьсан мод болгон ургаж, бидний болон үр хүүхдүүдийн маань амьдралыг ивээн тэтгэх болтугай” гэлээ.

Бүх нийтийн мод тарих өдрийг тохиолдуулан энэ намар Саусгоби сэндс ХХК Өмнөговь аймгйин Сэврэй суманд мөн 100 мод тарихаар төлөвлөөд байна.

САУСГОБИ СЭНДС ХХК НЬ

Монгол Улсад нүүрсний хайгуул, олборлолт явуулж буй уул уурхайн тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд Торонто болон Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Саусгоби Ресурс компанийн 100%-ийн охин компани юм.

Компани нь Овоот толгойн орд дахь хайгуулын ажлаа 2005 онд эхэлж, ашиглалтын тусгай зөвшөөрлөө 2007 онд авсан бөгөөд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Овоот толгойн чулуун нүүрсний орд газарт нүүрсийг ил аргаар олборлон өмнөд хөрш болох БНХАУ-ын Цэхэ боомт руу Монгол Улсын Шивээхүрэнгийн боомтоор дамжуулан экспортолж байна. Компани байгуулагдсан цагаасаа хойш улс орон нутгийн төсөвт нийт 195.2 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлээд байгаа бөгөөд хийсэн бүтээн байгуулалт, оруулсан хувь нэмэр, улс болон орон нутагт, нийгмийн даатгалд төлсөн татварын хэмжээгээрээ Монгол Улсын “ТОП 100 Татвар төлөгч” аж ахуйн нэгж, “Үндэсний тэргүүлэгч ажил олгогч-Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч”-өөр удаа дараа шалгарч ирлээ. Нийгмийн хариуцлагыг тууштай хэрэгжүүлэгч байгууллагын хувьд нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд бүс нутгийн хөгжилд нийт 8 орчим тэрбум төгрөг зарцуулаад байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж