Уран илтгэгчээс улс төрч болсон С.Ганбаатар Хөдөлмөрийн үндэсний намд орж, тус намыг даргалах болсон. ХҮН-ынхан түүнийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх маргаан дэгдэж, нам дотроо хоёр хуваагдаад зогсохгүй, сонгуульд оролцох боломжгүй болоод байгаа юм.
СЕХ-ноос гаргасан уг шийдвэрийг ХҮН-ын гишүүд урьдаас тааж мэдсэн гэлтэй Б.Найдалаа, Т.Доржханд, С.Боргил гэх мэт горилогчид бие дааж нэр дэвших мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлсэн байна. Харин С.Ганбаатарыг Ардчилсан нам болоод МАН-д элсэж магадгүй гэсэн “бор шувуу” саарал ордноос нисэх болсон. Тэгвэл энэ ярианы хариуд “Би үхсэн ч МАНАН-д орохгүй” гэж хэвлэлийн бага хурал хүртэл хийсэн түүний цаашдын алхам юу вэ?
Дөрвөн жилийн турш “гар нийлж” ажилласан УИХ-ын гишүүн Г.Уянгын даргалж буй Тусгаар тогтнол эв нэгдлийн намд элсэж болзошгүй гэх таамаглалыг жиргээчид нисгэж байна. Энэ таамаглал оргүй зүйл биш байж ч болох юм. Ямартай ч энэ сарын 23 буюу ирэх долоо хоногийн даваа гаригт 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодорхой болно. Тэр үед Г.Уянга даргалж Л.Цог зөвлөхөөр нь ажиллаж буй Тусгаар тогтнол эв нэдлийн нам шинэ гишүүнтэй болох эсэх нь тодорхой болох юм.
Т.НОМИН