Өнөөдрөөс арав хоногийн өмнө буюу тавдугаар сарын 6-ны өдөр олон улсын анхаарлыг татсан нэгэн айлчлал хийгдсэн нь Японы Ерөнхий Сайд Шинзо Абэ Сочид айлчилж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан явдал байлаа.
Айлчлалын үеэр Шинзо Абэ хэвлэл мэдээллийнхэнд өгсөн яриандаа “Энэхүү айлчлалын үр дүнд зогсонги байдалд ороод байсан Япон улсын Москватай харилцах албан ёсны харилцаанд шинэчлэлийн салхи татлаа” хэмээн хэлжээ.
Хэдийгээр хоёр тал хэлэлцээрийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй боловч, хоёр орны удирдагчид үүссэн асуудлуудыг шинэ арга барил хэрэглэн нэг тийш болгон шийдвэрлэх болсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Тэдний дурдсан шинэ арга барил гэдэг нь жирийн нэгэн хоёр талт уулзалт хэлэцээр биш харин ч дэлхийн ирээдүйн хэт төлөвт чиглэсэн далайцтай хэлэлцээр болсон гэх мэт таамаглалууд хөвөрч байна.
Уулзалтын үеэр Шинзо Абэ Владимир Путинд Оросын алс хязгаар нутагт буюу Владивосток зэргийг хамруулсан Оросын нийт найман бүсэд барилгын дэд бүтэц болон эрчим хүчний хөгжлийн чиглэлд хамтран ажиллах төлөвлөгөөг танилцуулжээ.
Олны анхаарал ямар сэдэв дээр байв?
Гэхдээ энэ удаагийн уулзалтаар шийдвэрлэгдэх өндөр хүлээлт үүсгээд байсан нэг сэдэв бол яах аргагүй Куриллын арлууд тойрсон маргаан юм.
Япончуудын газар нутгийнхаа хойд хэсэг хэмээн тооцож ирсэн Куриллийн арлуудыг хянах албан ёсны эрхийг Дэлхийн II дайны дараа буюу 1951 онд Сан Францискод болсон Энхийн Гэрээний дагуу хуучин Зөвлөлт Холбоот Улсад шилжүүлсэн түүхтэй юм. Тиймээс эдгээр арлыг эзэмших албан ёсны эрхийн төлөө Япончууд шантралгүйгээр тэмцсэн хэвээр л байгаа юм.
Оросын зүгээс Куриллын аралтай холбоотой газар нутгийн маргаанаа шийдэхээс өмнө Япон устай энхийн гэрээ байгуулах саналтай байгаа бол Японы зүгээс газар нутгийн маргаанаа шийдсэнийхээ дараа энхийн гэрээ байгуулах хүсэлтэй байгаа аж.
Нийт дөрвөн тасархай арлаас тогтдог Куриллын арлууд нь тэр цагаас хойш олон арван жилийн туршид Орос болон Япон орнуудын хооронд геополитикийн зөрчилдөөнтэй, томоохон маргааны сэдэв болж ирсэн юм. Тиймээс ердөө ганц удаагийн айлчлалын үр дүнд энэхүү асуудал шийдэгдэнэ гэдэг нь үгүй билээ.
Үүнийг ч Японы Төрийн Нарийн Бичгийн Дарга Ёошихидэ Суга батлах мэт дараах тайлбарыг өнгөрсөн Даваа гаригт хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн юм. Ёшихидэ Суга хэлэхдээ: “Хэдийгээр энэ удаагийн хэлэлцээрийн үр дүнд хоёр тал маргаанаа шийдвэрлэх шинэ арга барил хэрэглэхээр тохиролцсон нь үнэн боловч Японы энхийн гэрээ хийхдээ баримтлах байр суурь огтхон ч өөрчлөгдөөгүй. Эхлээд Куриллийн дөрвөн арлаа буцааж авна. Харин дараа нь энхийн гэрээ зурж болно” гэжээ.
Абэгийн айлчлалыг Хятад улс ингэж дүгнэжээ
БНХАУ-ын Шинхуй агентлаг энэхүү айлчлалын цаад санааг ондоо зүйлтэй холбон тайлбарласны дээр Куриллын арлууд бол ердөө л өнгөлөн далдлалт байсныг онцолжээ. Шинхуагийн тайлбарласнаар: Шинзо Абэгийн Сочи хийсэн айлчлалын зорилго нэгдүгээрт, Япон улсын Оростой харилцах харилцаандаа ахиц гаргах буюу хөрш оронтой харилцан бэрхшээл учруулдаг дипломат ханаа авч хаях зорилго байсан. Тэгээд ч Шинзо Абэ Ерөнхий Сайдаар томилогдсоноосоо хойш өөрийн орны гадаад харилцаанд илүүтэй өндөр ач холбогдол тавьж эхэлсэн. Үүний дунд Оростой харьцах харилцаа томоохон байр суурийг эзэлнэ. Үүнээс гадна айлчлалын хамгийн том хоёр дахь зорилго бол Шинзо Абэд ард түмнээс нь ирж буй их шүүмжлэлээс холдсоноор ард түмнийхээ анхаарлыг сарниулах, улмаар ирэх долоодугаар сард болох парламентийн сонгуульд ялалт байгуулахад шаардлагтай нэр хүндийг олж авах хэрэгтэй байгаа хэмээн мэдээллэсэн юм.
Шинзо Абэгийн хувьд энэ удаагийн парламентийн сонгуульд ялалт байгуулах юу юунаас илүү чухал зорилт нь болсон. Учир нь түүний засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш шинэчлэн баталсан Аюулгүй Байдлын Хууль зэргийг мөрдүүлж эхэлсэн нь ард түмний дургүйцлийг хүргэсний дээр “Абэгийн гурван сумны бодлого”-ын дүнд эдийн засаг нь суларсан зэрэг шалтгаануудаас болж ард түмний зүгээс Шинзо Абэ руу чиглэсэн бухимдал их байгаа учраас дахин сонгогдохгүй байхаас эмээж буй нь илт юм.
Абэгийн айлчлалыг АНУ хэрхэн хүлээж авав?
Нөгөөтэйгүүр АНУ-ын нөлөөнд автсан хэмээн шүүмжлүүлдэг Япон улсын хувьд энэхүү айлчлалыг тайлбарлах өөр оролдлогуудыг ч мөн бусад гадаад харилцааны мэргэжилтнүүд дурджээ. Энэ бол Шинзо Абэ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн бүрэн эрхийнх нь хугацаа албан ёсоор дуусах шатандаа орсон энэ үеийг далимдуулан Орос руу айлчилжээ гэх утгатай тайлбарууд юм. Японы ойрын холбоотон болох Вашингтоны хувьд энэхүү хоёр иртэй сэлэмтэй зүйрлэжээ.
Энэ дагуу Шинзо Абэгийн айлчлалыг АНУ тийм ч таатай хүлээн аваагүй нь тодорхой боллоо. Учир нь АНУ Европын Холбоо болон Их Долоогийн уулзалтыг аль хэдийн зарласан бөгөөд уулзалтаар Оростой харилцах арга барилаа эргэн харахаар төлөвлөсөн гэнэ. АНУ-ын Хэвлэлийн Төлөөлөгч Элизабет Трудеаугаас Шинзо Абэ В.Путин нарын уулзалтад Цагаан Ордон ямар байр суурьтай байгааг тодруулахад: “Европын Холбоо болон Их Долоо зэрэг бидний хамтрагчдын цугларалт Орост хандах бидний арга барилд чухал нөлөө үзүүлнэ хэмээн итгэж байна” хэмээн хариулжээ.
Айлчлалаар юу шийдэгдэв?
Юутай ч Шинзо Абэгийн Сочид хийсэн айлчлалын дүнд ирэх есдүгээр сард Шинзо Абэ дахин ОХУ-д айлчилж, өөрийн танилцуулсан төлөвлөгөөний дагуу алс хязгаарын Владивосток хотыг зорьж Ерөнхийлөгч В.Путинтэй дахин уулзалдах болжээ. Харин Ерөнхийлөгч В.Путины хувьд хэзээ Япон улс руу албан ёсны айлчлал хийхийг талууд судалж буй хэвээрээ үлдлээ.
Кремлийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэхдээ: “Куриллийн арлуудын маргаан юутай ч бодьтой үр дүнд хүрсэн. Энэхүү асуудал маш оновчтой замаар хөндөгдлөө. Цаашид энэхүү асуудал хоёр орны Гадаад хэргийн сайд нарын хооронд хэлэлцэгдэх болно” гэжээ.