Онц их хуралдайн тогтоолыг УИХ-ын даргад өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Онц их хуралдайн тогтоолыг УИХ-ын даргад өргөн барилаа

Бурхан минь, эр хүн шиг эр хүн хайрлаач!
Ухаан санаа нь уудам тэнүүн
Зүрхэндээ галтай, сэтгэлдээ очтой
Итгэл нь шулуун, зүтгэл нь шударга
Нялуун зангүй, нялцгай гаргүй
Эр хүн шиг эр хүн хэрэгтэй байна…  МАХН-ын дарга Н.Энхбаяр “Мөрөөдөл” нэртэй уг шүлгийг өчигдөр болсон МАХН-ын онц их хурлын төгсгөлд ийн уншлаа. Тэрбээр шүлэг уншихаасаа өмнө олон жил уулзаагүй Баасанхүү хэмээх хуучин танилтайгаа саяхан уулзсан тухайгаа ярив. Баасанхүү танил нь түүнд АНУ-д байдаг танилуудаас ирүүлсэн мэндчилгээ, бэлгийг дамжуулан өгсөн байна. Энэ үеэр Баасанхүү “Таныг хүлээж байхдаа мэндчилгээн дотор нэг шүлэг байхыг уншлаа. Манай Монголд хэрэгтэй ч юм шиг. Мөн дотор нь “fog” буюу “манан” гэсэн үг байх юм. Та үүнийг заавал уншаарай” гэсэн аж. Н.Энхбаяр дарга уг шүлгийг уншихад үнэхээр сонирхолтой санагджээ. Бас орчуулан хүргэж буй нь энэ аж. МАХН-ын дарга Н.Энхбаярын хэлснээр “Эр хүн шиг, эр хүн” гэж шилжсэн утгаар нь “Жинхэнэ эх оронч хүн”-ийг хэлж байгаа гэнэ. Гэтэл өнөөдөр …Албан тушаал нь ахадчихсан
Ажил, амлалт нь мартагдчихсан
Арчаагүй амьтад хэрэлдэж уралцана
Амиа бодож хоорондоо тэмцэлдэнэ… хэмээн шүлэгт өгүүлсэн байна. Үнэхээр Монголын өнөөгийн нийгэм яг л ийм дүр зурагтай байгаа талаар МАХН-ын онц их хуралд хүрэлцэн ирсэн төлөөлөгчид өөр хоорондоо ярилцаж байлаа. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр “Жинхэнэ эх оронч хүмүүс бол энд цугларсан та бүхэн, ард түмний санал асуулгад хэнээс ч айлгүй оролцсон иргэд юм” гэдгийг тодотгож байв. Энэ үеэр МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяр “Ард түмний улс төр” сэдэвт илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ “Ардчилсан төрийн үнэт зүйл бол хэзээд ард түмэн байдаг. Ардчилсан төрийн эзэн нь ч ард түмэн байдаг учир томилолт авсан нөхдөд жинхэнэ эзэн нь хэн болохоо харуулж “баяртай” гэж хэлж байна. Томилолт авсан нөхдүүдэд “Нүднээс далд ор” гэж ард түмэн бачууран хашгирч байгааг санал асуулгын дүн харууллаа. Тиймээс Монгол төрийн эзэд Монголын ард түмэн одоо хүн төрөлхтний бахархал болсон амьдралаа өөрсдөө цогцлоон байгуулахаар замдаа гарлаа. Хар дарсан зүүд шиг бараан 20 жилийн түүх ард хоцорч бид бүхний өмнө цоо шинэ түүхийн үүр цайж байна” гэлээ. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр намын дэд даргын суудлаа өгөх болсноо албан ёсоор мэдэгдсэн. Гэхдээ ийм шийдвэр гаргасан нь Н.Энхбаяртай холбоогүй гэв. Түүнийг илтгэл тавьсны дараа Үндэсний шинэ намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Уянга Сонгуулийн тухай хуулийн талаар илтгэл тавив. Тэрбээр “Сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Улстөрчид амлалтаа биелүүлээгүй байна. Сонгуулийн тойрог жижиг болох тусам мөнгө ихтэй хүн ялалт байгуулдаг. Тэд нэг Монгол нэг төлөгний үнэтэй “Байдаг” гэж ярьдаг. Учир нь ард түмэн саналаа худалдахгүй гээд хаачих юм гэсэн сэтгэхүйгээр ханддаг” хэмээн онцолж байлаа. Энэ үеэр танхимд суугаа онц их хурлын төлөөлөгчид илтгэл тавьж буй хүмүүсийн үгийг дэмжиж байгаагаа алга ташилтаараа илэрхийлж байсан юм. Мөн Үндэсний шинэ намын Удирдах зөвлөлийн гишүүн М.Энхсайхан индэрээс үг хэллээ. М.Энхсайхан “Ард түмний санал асуулгын дүнг сонслоо. Санал асуулгыг заавал УИХ зохион байгуулах ёсгүй. Сонгогч, иргэд өөрсдөө зохион байгуулж болно. Санал асуулгын үр дүнг хүн бүр янз бүрээр л ойлгох байх. Ялангуяа эрх баригчид. Биднийг дуурайсан уу, яасан Ардчилсан нам, Ардын нам санал асуулга явуулах талаар ярилаа. Уг нь Сонгуулийн тухай хуулийг дотроо хэлэлцээд шийдэж болох асуудал. Гэтэл санал асуулгаар шийдвэрлэнэ гэж буй нь тэд ажлаа хийж чадахгүй байгаагийн илрэл” гэв. “Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” үндэсний хөдөлгөөнийхөн бүх ард түмний санал асуулгынхаа дүнг онц их хурлын үеэр танилцууллаа. Санал асуулгыг баруун, зүүн, төвийн, говийн, хангайн бүс болон нийслэлд явуулсан юм. Тэд “МАНАН-ын Засгийн газарт итгэж байна уу”, “Тавантолгойн ордыг 100 хувь Монголын ард түмний мэдэлд өгөх зөв үү” гэсэн хоёр асуултад хариулт авчээ. Улсын хэмжээнд 846147 хүн санал асуулгад оролцжээ. Тэдний 82.6 хувь нь “МАНАН-ын Засгийн газарт итгэхгүй байна” гэсэн бол 17.4 хувь нь “итгэж байна” гэжээ. Харин 83.8 хувь нь Тавантолгойн ордыг 100 хувь ард түмний мэдэлд өгөх нь зөв гэж хариулсан байна. Буруу гэж үзсэн нь 16.2 хувийг эзэлж буй юм. “Санал асуулгад оролцсон хүмүүсийн дийлэнх нь сонгуулийн насны хүмүүс байгаа учир асуудлыг шийдэх ёстой” хэмээн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал хэллээ. Учир нь иргэд, сонгогчид “Хамтарсан Засгийн газар амлалтаа биелүүлэхгүй, хоорондоо хэрэлдэхээс өөр зүйл хийгүй байна. Тиймээс хүнээ боддоггүй, албан тушаал хөөцөлдсөн эрх мэдэлтнүүдээс салах цаг нь болсон” гэж үзэж байна. Иймээс онц их хурлаас баталсан бүх ард түмний санал асуулгын талаарх онц их хуралдайн тогтоолыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа.      

Ц.ЭНХЦЭЦЭГ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж