Шүүх нэмж байгуулах ч шүүгчийн тоог нэмэхгүй

Хуучирсан мэдээ: 2016.05.15-нд нийтлэгдсэн

Шүүх нэмж байгуулах ч шүүгчийн тоог нэмэхгүй

УИХ өнгөрч буй долоо хоногт хууль эрх зүйн салбарт хамаарах олон хуулиудыг баталлаа. Энэ талаарх мэдээллийг тоймлон хүргэе.


УИХ Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Ингэснээр Давж заалдах шатны шүүх 7, дүүргийн шүүх 8-ыг нэмж байгуулах болж буй юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатын тайлбараар шүүгчийн тоог нэмэхгүйгээр шинээр байгуулагдах шүүхийн орон тоог шийдвэрлэх аж. Тодруулбал, аймаг, нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 25 шүүхэд 25 ерөнхий шүүгч, 118 шүүгч, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 1 ерөнхий шүүгч, 15 шүүгч, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 8 шүүхэд 8 ерөнхий шүүгч, 88 шүүгч, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 8 шүүхэд 8 ерөнхий шүүгч, 74 шүүгч, Захиргааны хэргийн анхан шатны 22 шүүхэд 22 ерөнхий шүүгч, 82 шүүгч, сум дундын Иргэний хэргийн анхан шатны 21 шүүхэд 21 ерөнхий шүүгч, 99 шүүгч, сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 21 шүүхэд 21 ерөнхий шүүгч, 72 шүүгч, сум дундын 8 шүүхэд 8 ерөнхий шүүгч 31 шүүгч ажиллах аж. Улсын хэмжээнд нийт 693 шүүгч ажиллана гэж тооцоолж байна.

Дээрх хуулийн төслийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан тул шинэ долоо хоногоос шүүх нэмж байгуулах ажил эхлэх боллоо.

Тухайн нутаг дэвсгэрт нь цагдан хорино

УИХ-аас баталсан Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиуд ирэх есдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор гарч байгаа чухал хуулийн нэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл бөгөөд УИХ өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаараа эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Уг хуулийн хэрэгжиж эхэлсэн нөхцөлд дараах дүрэм мөрдөгддөг болно.

Шүүгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа тухайн шүүхийн харьяалах аймаг, нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт байгаа цагдан хорих байранд цагдан хорихоор шийдвэртээ заадаг байх.

Цагдан хоригдож байгаа газрыг өөрчлөн өөр газар шилжүүлэх тодорхой үндэслэл болон цагдан хорих байранд нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлийг тодорхой зааж өгсөн байна.

  • Шүүхийн шийдвэрт заасан бол зорчих эрхийг түр хугацаагаар хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих байгууллага нь яллагдагчид  хяналтын  төхөөрөмж  ашиглан хяналт тавина.

  • Яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч барьцааны мөнгөн дүнг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

  • Эрүүгийн хуульд найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.

  • Өсвөр насны яллагдагч, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй яллагдагч, жирэмсэн яллагдагчид энэ хуулийн 13.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан үндэслэл, эсхүл урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдсэн бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.

  • Бичмэл нотлох баримтыг эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол мөрдөгч, прокурор тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна.

  • Мөрдөгч төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулан хэрэгт хавсаргана.

  • Мөрдөгч төрийн байгууллагад иргэн, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээлэл, өргөдөл шалгах, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, хууль сахиулах, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалт хийх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулан ирүүлсэн бол нотлох баримтаар тооцож болно.

  • Мөрдөгч, прокурор хэргийн бодит үнэнийг тогтооход сөргөөр нөлөөлнө гэж үзвэл энэ зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг хураан авах ажиллагаа явуулна.

  • Яллагдагчид гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадахыг хориглоно гэх мэтчилэн зааж өглөө.

Хууль сахиулагчид дүрэмтэй боллоо

УИХ Хууль сахиулах ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Уг хууль нь ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Ингэснээр хууль хэрэгжүүлэх үүргийг хүлээж байдаг төрийн бүхий л субьектууд энэхүү Хууль сахиулах ажиллагааны тухай хуульд заасан дүрмийг мөрдөх болж буй юм. Хэрвээ энэ дүрмээ хууль сахиулагч зөрчвөл хуулийн хариуцлага хүлээнэ.

Энэ талаарх дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНЭ линкээс үзэх боломжтой.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж