Хятадууд сэлбэ голыг бузарлаж байна, сайд аа

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Хятадууд сэлбэ голыг бузарлаж байна, сайд аа

ХЯТАДУУД СЭЛБЭ ГОЛЫГ БУЗАРЛАЖ  БАЙНА, САЙД АА

Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн хаа сайгүй зам зас­вар, газар шорооны ажил эхэлж, нэр нь үл мэдэгдэх “Хар шаахайтнууд” тендерт ялж байна. Тэдний нэг бо­лох Жан овогт захиралтай Хятадын компани Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрдаг Ша­див­лангийн гүүрийг засах аж­лын туслан гүйцэтгэгчээр дөрөв­дүгээр сарын 20-оос найм­ду­гаар сарын 20-ыг дуустал ажил­­лахаар болжээ. Энэ гүү­рийг нийслэлийн хөрөнгө оруу­лал­таар бариулж байгаа аж. Нийс­лэлийн Авто замын газ­раас хариуцан энэ зун хийлгэж бай­гаа ажлуудын нэг. Харин гүүр­нээс цааш үргэлжлэх ав­то­замыг эргэн төлөгдөх нөх­цөл­тэйгээр бариулж байгаа юм билээ.

Иргэдээс “Шадивлангийн гүүр­ний хажууд гүүр, зам барьж буй хятадууд Сэлбэ го­лыг бохирдуулж, голын эрэг дээр юу хүссэнээ хийж байна” гэ­сэн мэдээллийг бидэнд өгсөн юм. Манай сонины сурвалжлах баг гүүрний ойролцоо очиход тус­лан гүйцэтгэгчээр ажиллаж буй хятадууд Сэлбэ голын эрэг дээр дураараа дургиж байгаа ха­рагдана. Тэд голын эргийн ногоон зүлгэн дээр их хэмжээний шороо асган тэгшилчихэж. Зүлгэн дээр асгаж, дагтаршуулсан шороо нь нэг метр орчим зузаан бөгөөд голын эргээс нэг метр хүрэхгүй газраас үргэлжилнэ. Түүн дээрээ хаа сайгүй нүүрс, замын хар, цемент, шар шавар зэргийг овоолж, буулгасан байлаа. Түүнчлэн шар шавраар тойрог хийж түүн дотроо цемент зуурч, урд талд нь тоосгоор суурь хийгээд дээр нь байрлах машинд замын хажуугийн борожур хийж байх юм. Барьж буй гүүрний урд талд хоёр том байшин, таван гэр, хойд талд нь нэг том байшин таван гэр барьж нийт 200 гаруй Хятад ажилчныг байрлуулжээ.  Биднийг хараад ихэнх хүмүүс нь гэртээ орж, нуугдсан. Гэхдээ сандарч мэгдсэндээ биш. Ер нь тэд хяналт шалгалтынхан  болон тэр хавийн иргэд, байгаль хамгаалагчийн үгийг “Нохой хуцсаны дайтай” ч хүлээж авдаггүй ажээ. Тус компанийнхан гүүр барьж буй компанид асфальтан хавтан хийж өгөх гэрээ байгуулсан байна. Улмаар хавтан хийх жижиг үйлдвэр, тоног төхөөрөмжөө голын эргээс нэг хүрэхгүй метрийн зайд байрлуулчихаад байгаа нь энэ ажээ.

Хүмүүсийн амрахаар ирдэг зуслангийн хэсэгхэн газар Замын-Үүд шиг л шороогоор шуурч байлаа. Ойр хавийнх нь иргэд голын эргийн зүлэгтэй, тэгшхэн талбайд гэр бүлийнхэнтэйгээ амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг байж. Уг нь хэзээ мөдгүй нурах дөхсөн гүүрийг шинэчилж байгааг тэр хавийн иргэд, зусланд гардаг айл өрхүүд талархан хүлээж авсан юм билээ. Биднийг очиход модон гүүр нурж, цөмөрсөн байв. Хэд хоногийн өмнө хүнд даацын машин гарахад ачааллаа дийлэхгүй ийм байдалтай болжээ.

Байгаль хамгаалагч Д.Ганбат:

 -Голын ойр орчимд 100 метрийн дотор үйл ажиллагаа явуулах, оршин суухыг хуулиар хориглосон байдаг. Гэтэл асфальтан хавтан хийж байгаа хятадууд 100 битгий хэл нэг метр хүрэхгүй зайд барилгын ажил хийж байгаа. Энэ газрыг хариуцсан хүнийх нь хувьд би удаа дараа сануулсан. Гэсэн ч миний үгийг огт хүлээж авдаггүй. Одоо та бүхэн гайгүй болчихоод байгааг нь харж байна. Иргэд гомдол гаргасны эцэст цагдаа нар ирж энэ хавийг цэвэрлүүлж, эмхлүүлчихээд байгаа нь энэ. Шаардлага тавихаар “Ажлаа дуусгаад нөхөн сэргээлт хийнэ. Энэ газрыг өмнөх шиг нь болгож өгөөд явна” гэдэг. Яаж ч бодсон дээрээс нь шороогоор дарчихсан зүлэг өмнөх шигээ ургана гэж байхгүй. Бас энэ хятадууд хаа сайгүй нүх ухчихдаг юм. Хэд хоногийн өмнө бороонд норж, ашиглах аргагүй болсон 10 орчим тонн цементийг голын эрэг дээр нүх ухаж хийгээд булсан. Тэр үеэр холбогдох газарт хандсан боловч нэмэр болоогүй.

Тэрбээр ийн ярив. Хятад компанийн ажилчид зөвхөн цемент булаад өнгөрөөгүй аж. Барилгын ажлын явцад гарсан болон ахуйн хог хаягдлаач дараад булчихдаг байна. Зуслангийн иргэд сард нэг  удаа 10 мянган төгрөг төлж хогоо ачуулдаг байхад тус компанийнхан зардал мөнгөө хэмнэсэн үү, эсвэл өөр санаатай юу мэдэхгүй, хогоо энд булчихдаг нь сонин. Тэр ч бүү хэл нүх ухаж, голын эргээс ус татаж байгаад усанд ороод, хувцасаа угаачихдаг гэсэн.

 Иргэдтэй уулзахад “Газарт нүх ухаад саунд сууж байгаа юм шиг хэд, хэдээрээ усанд орж байгаа харагддаг. Нүхнийхээ дотор талыг шавардчихдаг бололтой юм билээ. Дараа нь тэрэндээ хувцасаа угаачихаад булдаг. Нийслэл, дүүргийн удирдлагууд хэдэн төгрөгийн хахууль аваад эрээн цаасан дээр гарын үсэг зурж л байвал ард нь үлдэх сөрөг үр дагаврыг бодохын ч ухаангүй явж байна” гэж байлаа. Ямартай ч хятад ажилчид  тав зургаан нүх ухаж, булсан сурагтай. Түүнчлэн “хар шаахайтнууд” Сэлбэ голын эрэг дээр зогсож байгаад гол руу  хээв нэг морь харчихдаг гэсэн. Энэ байдалд нь хамгийн ихээр дургүйцсэн иргэд хяналт шалгалт, цагдаа дээрээ тулж байж бие засах газар бариулжээ. Хятад ажилчдыг ахалж байгаа хүмүүстэй уулзах гэсэн боловч байсангүй. Харин Монголын талаас хариуцсан замын инженер н.Равдан “Иргэдийн зүгээс энэ хавийг сүйтгэлээ гэж дургүйцэж байгаа нь үнэн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газраас хэдэн хүн ирдэг. Тэд хятадуудыг жаахан айлгаж байгаад эзнээс нь хэдэн бор төгрөг халаасандаа хийчихээд л яваад өгдөг” гэж ярилаа. Тэрбээр мөнгө авдагийг гэрчилж чадна гэж байлаа.

Гүүрний орчмын айл өрхүүд энэ байдлыг анхааралдаа авахыг хүссэн шаардлагыг Мэргэжлийн хяналтын ерөнхий  газарт өгөхөөр шийджээ. Байгаль хамгаалагч Д.Ганбатын хэлж буйгаар одоогоор 150 гаруй хүний гарын үсэг цуглуулаад байгаа юм байна. Хамгийн гол нь иргэд “Асфальтан хавтан  хийдэг үйлдвэрийг хотын захад, голын эргээс хол газарт байрлуулж болох байсан. Хавтангаа нааш нь зөөж авчраад байхад болохгүй гэх зүйлгүй” гэсэн саналтай байгаагаа хэллээ.

Ямартай ч газар дээр нь очиж байдлыг сурвалжлахад ийм байна. Хятадууд Сэлбэ голын бузарлаж байна, Сайд аа.

Д.Ууганзаяа, Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж