Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхийн хувьд өөрчлөх нь. Харин яаж гэдэгт хариулт бас л тодорхой бус болов. Ардын нам хийгээд Ардчилсан намын саналын эсрэг улс төрийн жижиг хүчнүүд хүч мэдэн тэмцэхээ илэрхийлж байна. Харин хоёр том намын тухайд өнгөрсөн 20 жилийн турш хуримтлуулсан сонгуулийн туршлагаа өөр өөрсдийн эрх ашгийн төлөө хувиргаж буй нь нууц биш. Тэгвэл Ардчилсан намын “Монгол Улсыг авлигаас аварч, ардчиллыг хөгжүүлэх онцгой ач холбогдолтой” хэмээн тодорхойлоод байгаа пропорциональ тогтолцооны талаар улстөрч судлаач Д.Ганбат өнгөрсөн оны зургадугаар сард “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа дараах дүгнэлтийг өгсөн байна. Тэр нь “Пропорциональ систем мөн өөрийн зовлонтой. Их сайн бодож хуульчлахгүй бол ардчиллын тулгуур зарчмыг хаах гээд байдаг аюултай. Жишээ нь, намын нэрсийн жагсаалтаар санал авбал сонгогч хэнийг сонгохоо мэдэхгүй болчихдог. Зүй нь ардчиллын зарчмаар өөрийгөө төлөөлөх гишүүнийг сонгож, болохгүй бол хариуцлага тооцох, эгүүлэн татах гээд байгаа юм л даа. Гэтэл түүнийг нь хаачихдаг. Мөн орон нутгийн төлөөлөл гэсэн ойлголтыг ерөөсөө байхгүй болгочих гээд байдаг гэмтэй. Ардчиллын зарчмын дагуу бол орон нутаг парламентад ямар нэг хэлбэрээр төлөөлөгдсөн байх ёстой. Цэвэр пропорциональ систем хэрэглэлээ гээд бодоход алслагдсан аймгуудын хувьд энэ зарчим алдагдах жишээтэй” гэх товч бөгөөд тодорхой хариулт. Гэхдээ энд бяцхан тодруулга хийхэд Ардчилсан намынхан дан ганц пропорциональ тогтолцоог бус харин пропорциональ давамгайлсан холимог тогтолцоог түлхүүрдэж буй юм.
Тэгвэл мажоритар системийг дэлхийн улс орнуудын 40 гаруй хувь нь өнөөдөр хэрэглэж байгаа. Тэр дундаа мажоритар системээс холимог хувилбар руу эргэх хандлага ч бий. Энэ нь одоогийн Ардын намын дэвшүүлж буй санал. Тодруулбал, 52:24 гэх харьцаа. Тухайн сонгогчийн эрхийг хамгаалах, баталгаажуулах бодит боломж энэ системд бий. Нэг ёсны Үндсэн хуулийн хамгаалалт ч гэж болно. Учир нь, Үндсэн хуульд улс төрийн аливаа сонгуулиар намыг бус харин хүнийг сонгох ёстой гэж заасан байдаг. Иймд “Сонгууль бол ардчиллын амин сүнс” гэх ардчилсан улс орны жишгээр хүндэтгэн үзвэл улстөрчид яаран Үндсэн хууль руу “мэс” барьж дайрах хэрэггүй болов уу. Гэхдээ хоёр намын бүлгийн зөвшилцөл хараахан дуусаагүй байгаа учраас энэ талаар тодорхой дүгнэлт хийх нь өнөөдөртөө эртдэх биз.
Харин шууд пропорциональ руу автоматаар шилжих нь сонгогчдыг төөрөгдөлд оруулах, улмаар хүчингүй саналын хуудасны тоог олшруулах сөрөг нөлөөтэй байдаг аж. Тухайлбал, “УИХ-ын сонгуулийг пропорциональ системээр явуулахаар боллоо” гэхэд УИХ-ын 76 тойрогт 10 нам нэр дэвшлээ гэж үзвэл 760 хүний нэрийг доош нь цувуулан бичих хэрэгтэй болно. Тухайн сонгогч бүгдийг нь нэг дор уншиж, өөрийн сонголтыг сайтар тунгаан бодож хийнэ гэвэл үүн шиг худлаа зүйл үгүй. Түүнчлэн энэ дунд сонгуулийн холимог тогтолцоог сонгохдоо мажоритарт илүү найддаг улс орны жишээг жагсаахад хангалттай олон аж.
Наад зах нь, өдгөө хунтайж Албертийнх нь хурим дэлхий нийтийг донсолгож буй Монако улсын Үндэсний зөвлөл гэхэд 24 гишүүний суудалтай. Тэдний 16-г нь мажоритар системээр сонгодог бол наймыг нь пропорционалиар сонгодог. Мөн Шинэ Зеландын парламентын гишүүдийг гэхэд 69-ийг нь мажоритараар, 51-ийг нь пропорционалиар сонгох жишээтэй. Улс орны сонгуулийн тогтолцоотой холбоотой энэ мэт олон жишээ дурдаж болно. Түүнчлэн Ардын намаас санаачилсан ард нийтийн санал асуулгын тухайд ч олон хувилбар бий. Хамгийн сүүлд гэхэд Марокко улсад гэхэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ард нийтийн санал асуулга явуулж, сонгогчдын 98 хувь нь дэмжсэн гэх урьдчилсан дүн гараад буй. Тэгэхээр улстөрчид, тэр дундаа УИХ-ын гишүүд л бүгдийг мэддэг, шийддэг тухай хэвшмэл ойлголтыг эвдэж ард нийтийн санал асуулгаар зөв шийдэлд хүрч чадвал энэ нь арван тэрбум төгрөгөөс ч илүү ирээдүйн том хөрөнгө оруулалт байж болох юм.
Гэхдээ гарц хаашаа эргэх нь өнөөдөртөө тодорхой бус байна. Мажоритар хийгээд пропорциональ тогтолцооны сайн, муу үр нөлөөний тухай хангалттай олон баримтыг жагсааж бичлээ гээд эцсийн бүлэгт Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт ард нийтэд ашигтай байж чадах уу. “Ардчилсан Монгол Улсын иргэн” хэмээн аархаж баярлах дуртай та бидний хувьд улстөрчид “Чи ардчилсан Монгол Улсын иргэн мөн үү гэвэл мөн. Гэхдээ эрх чөлөөт иргэний эрхээ эдлэх эрхгүй шүү” хэмээн чанга дуугарвал яах вэ. Нэрэн дээрээ “УИХ-ын гишүүд бол ард түмний элч юм” гэж тунхаглачихаад нэдэр дээрээ “УИХ-ын гишүүд ард түмний элч бус харин намын даргын томилгоот даалгавар биелүүлэгч байх ёстой” гэж шийдвэл энд эцсийн зөв хариултын тухай бодох ч хэрэггүй болно.
Пропорциональ системийн сул тал нь үүнд л оршиж буй. Төрд өөрийнхөө дуу хоолойгоо илэрхийлж үнэт зүйл, эрх ашгаа хамгаалах эрхгүй юм бол сонгогч та бидэнд санал өгөх хэрэг байна уу. Харамсалтай нь, асуултын тэмдэг үүгээр дуусахгүй нь…Намын даргын хэмжээгүй их эрх мэдэл, улстөрчдийн нам шүтсэн хязгаарлагдмал улс төр, төрөөс үүрэг хариуцлага нэхэх эрхгүй жирийн иргэд…Энэ бүхний ард асуултын тэмдэг бий. Иймээс Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг хэлбэрдэлт бус харин ардчиллын баталгаа гэдэг утгаар нь анхаарч үзвэл яасан юм бэ, улстөрчид өө.
Г.ОТГОНЖАРГАЛ"Улс төрийн тойм" сонин