Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэн баталлаа

Хуучирсан мэдээ: 2016.05.13-нд нийтлэгдсэн

Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэн баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2016.05.13/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаарЗасгийн газраас малчдын талаар авсан арга хэмжээ болон малчны зээлийн хүүг бууруулж байгаа ажлын талаархи Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо.

Засгийн газраас малчдын орлогыг нэмэгдүүлэх, хөнгөн, хүнсний үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилгоор үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна хэмээн Ерөнхий сайд мэдээллийнхээ эхэнд хэлсэн. Тэрбээр, Засгийн газраас 2014 онд Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх тусгайлсан санхүүгийн бүтээгдэхүүн гаргах ажлыг Монгол банктай хамтран зохион байгуулснаар зарим аж ахуйн нэгж эргэлтийн хөрөнгөтэй болж, ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байна гэлээ. Мөн малчдын орлогыг нэмэгдүүлэх, хуримтлагдсан түүхий эдийн борлуулалтыг түргэтгэх зорилгоор боловсруулаагүй түүхий арьс, шир, үүний дотор адууны ширийг 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаанд нэг удаагийн арга хэмжээ болгон экспортод гаргахаар Засгийн газар шийдвэрлэсэний үр дүнд малчид, түүхий эд худалдаалагчдын гар дээр хуримтлагдсан 200 гаруй мянган арьс шир арилжаалагдан, малчдын гар дээр үнэгүйдэн хуримтлагдаад байсан мал аж ахуйн түүхий эдийг эргэлтэд оруулснаар мал бүхий иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг болсон хэмээн мэдээлэв.

Малчдаас үндэсний үйлдвэрт тушаасан хонь, тэмээний ноос, арьс, ширэнд урамшуулал олгож, 2015 оны байдлаар улсын төсвөөс малчдад арьс, ширний урамшуулалд 8.9 тэрбум төгрөг, ноосны урамшуулалд 18.3 тэрбум төгрөг буюу нийт 27.2 тэрбум төгрөгийн урамшууллыг тус тус олгожээ.

Мах экспортлох асуудлаар гадаад улс, оронтой гэрээ, хэлэлцээр байгуулан дотоодын аж ахуйн нэгжүүдэд мах экспортлох нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна гэж Ерөнхий сайд мэдээллээ. Энэ хүрээнд 2015, 2016 оны эхний хагас жилд малын мах экспортлох зөвшөөрлийг 66 аж ахуйн нэгжид олгоод байгаа бөгөөд 2015 онд манай улсын 12 компани гадаадын 4 улсад 4,714.6 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон бол энэ он гарсаар нийт 1000 орчим тонн мах экспортлоод байгаа юм байна.

Түүнчлэн тэрбээр, Хөдөлмөрийн яам малчны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд малчдад мал маллагааны арга ажиллагааны болон аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах арга хэмжээг хэрэгжүүлж, шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр ханган 9568 иргэнийг сургалтад хамруулж, зөвхөн 2015 онд нийт 2385 малчин өрхийн 4497 иргэнийг хамруулж 6,4 тэрбум төгрөгийг зарцуулж, 4821 байнгын ажлын байрыг бий болгоод байна. Хөдөө аж ахуйн чиглэлээр төрөлжсөн сургалттай мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад “Сайн малчин”-ы анги нээж, Ховд аймгийн хөгжил политехник коллежоос 30 суралцагчтайгаар эхлүүлээд байна. Цаашид бусад хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг бусад орон нутаг дахь мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудад нээхээр төлөвлөж байна.

Энэ оны эхэнд Засгийн газраас “Сайн малчин” дунд хугацааны хөтөлбөр, “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” дэд хөтөлбөрийг тус тус батлан хэрэгжүүлж байна.

Төрийн банктай байгуулсан гэрээний дагуу дундажаар жилийн 29.5 хувийн хүүтэй малчдын зээлийн хүүг энэ оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс 18 хувь, 3 дугаар сарын 15-ны өдрөөс 10 хувь болгон тус тус буурууллаа. Ингэснээр малчны зээлийн хүү 3 дахин буураад байна. Малчин өрх үйлдвэрлэлийн бүтээмжээ нэмэгдүүлэх, хөдөө, орон нутгийн эдийн засагт эерэг өөрчлөлт гаргахад малчны 10 хувийн зээл чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Засгийн газар үзэж байна.

Малчны 10 хувийн зээл нь хэрэглээний бус үйлдвэрлэлийн зээл бөгөөд уг зээлийг тодорхой үйлдвэрлэлийн зориулалтаар олгож байгаа болно. Тухайлбал, мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэх, сайн чанарын хээлтүүлэгч, хээлтэгч үржлийн мал худалдан авах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай цахилгааны эх үүсвэр бий болгох, тоног төхөөрөмж худалдан авах, мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах бага, дунд оврын тоног төхөөрөмж, эрүүл ахуйн шаардлага хангах хөргөлтийн болон агуулах сав худалдан авах, мал аж ахуйн үйлдвэрлэлээ өргөтгөх, мал аж ахуйн бүтээгдэхүүн экспортыг дэмжих бусад үйл ажиллагаа, арга хэмжээ зэрэг болно гэлээ.

Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 18,635 малчин өрх буюу нийт малчин өрхийн 12.1 хувьд 71,6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Нэг малчин өрхөд дунджаар 3.8 сая төгрөгийн зээл олгосон байна. Малчны зээлийн хүүг 10 хувь болгон бууруулснаар малчдад жилд 13.9 тэрбум төгрөгийн хүүний хөнгөлөлт эдлүүлэх тооцоотой байгаа аж.

Малчны зээлийн ихэнх хувийг эзэлж байгаа Хаан банк, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам хооронд 3 талт “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ”-г 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр эцэслэн тохирч байгуулан ХААН банкинд нийт 100.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаалж, малчны зээлийг 10 хувь болгон бууруулах боломжийг бүрдүүлжээ. Энэхүү малчны зээл олгох арга хэмжээнд ХААН банк оролцож эхэлснээр малчны зээл нийт малчдыг хамрах нөхцөлийг бүрдүүллээ хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлсэн.

Ерөнхий сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар асуулт асууж, хариулт авсан юм.

Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа

Ерөнхий сайдын мэдээллийг дараа Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцуулав.

Тэрбээр, Хууль зүйн байнгын хороо 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцэж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 24.6, 23.7 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2015 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан орон тооны хязгаарт нийцүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн “Шүүгчийн орон тоог шинэчилэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн болно гэлээ.

Шүүгчдийн тоог нэмэгдүүлэхгүйгээр шинээр байгуулагдах шүүхийн орон тоог шийдвэрлэх бөгөөд дээрх тогтоолын төсөлд тусгаснаар аймаг, нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 25 шүүхэд 25 ерөнхий шүүгч, 118 шүүгч, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 1 ерөнхий шүүгч, 15 шүүгч, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 8 шүүхэд 8 ерөнхий шүүгч, 88 шүүгч, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 8 шүүхэд 8 ерөнхий шүүгч, 74 шүүгч, Захиргааны хэргийн анхан шатны 22 шүүхэд 22 ерөнхий шүүгч, 82 шүүгч, сум дундын Иргэний хэргийн анхан шатны 21 шүүхэд 21 ерөнхий шүүгч, 99 шүүгч, сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 21 шүүхэд 21 ерөнхий шүүгч, 72 шүүгч, сум дундын 8 шүүхэд 8 ерөнхий шүүгч 31 шүүгч байх буюу улсын хэмжээнд нийт 693 шүүгч ажиллахаар байна.

Түүнчлэн “Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсантай холбогдуулан “Шүүгчийн орон тоо батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 59 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох, тогтоолыг Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр дээрх тогтоолын төсөлд тусгажээ.

Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Шүүгчийн орон тоог шинэчилэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд Байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталлаа.

Хөдөө аж ахуйн “Халхгол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хөдөө аж ахуйн “Халхгол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулав.

Хөдөө аж ахуйн “Халхгол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулсанаар хөдөө аж ахуйн үүц болох Халхгол сумын газрыг улсын тусгай хэрэгцээнд хамруулах, хөдөө аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх шинэ загвар бий болж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын хэмжээ болон олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэх, хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан малын болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжих, ажлын байр нэмэгдсэнээр иргэдийн амьжиргааны түвшин сайжрах зэрэг эерэг үр дагаварууд бий болно хэмээн үзэн төсөл санаачлагч уг тогтоолын төслийг боловсруулсан байна.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Х.Болорчулуун, Н.Номтойбаяр нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр боллоо

Мөн өдрийн хуралдаанаар “Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцууллаа.

“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай“ УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоол, “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоол тус тус батлагдсанаар Монгол Улс малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтэд төрөөс анх удаа урамшуулал олгох болсон нь улс орны эдийн засаг, малчдын амьжиргаанд эерэг олон нөлөөлөл авчирсан юм.

Малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог төрийн дэмжлэг, бодлогоор шинэчлэн өөрчилснөөр хөдөө нутагт талаар нэг тарж үнэ цэнэгүй байсан хонины ноосыг төвлөрүүлэн бэлтгэж үйлдвэрт нийлүүлэх, арьс, ширийг үндэсний үйлдвэрт тушаах үйл ажиллагаа, сонирхол сэргэж зөв гольдролд шилжсэн. Үндэсний үйлдвэрүүд түүхий эдийн хомсдолоос гарч үйл ажиллагаа нь хэвийн тасралтгүй явагдах, шинээр үйлдвэр, цех ашиглалтанд орж нэмүү өртөг шингэсэн, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрс нэмэгдсэн.

Гэвч эдгээр тогтоолд заасан “хоршооны гишүүн байх” гэсэн томъёолол малчдын амьдралд цаг хугацааны хувьд хараахан тохиромжгүй байгаа нь амьдрал дээр нотлогдсоор байна. Хэдийгээр “хоршооны гишүүн” гэсэн томъёололын үйлчлэх хугацааг урамшуулал олгох явцад сунгаж байсан ч энэхүү томъёололоос үүдэн орон нутагт “эзэн төвтэй, хийсвэр” хоршоод олноор байгуулагдах, малчид төрийн урамшуулалд хамрагдахын тулд л хоршоонд төлбөр төлж элсэх асуудал ихэссэн. Энэ нь хоршооны ардчилсан зарчим, мөн чанарыг алдуулж, үр дагаварт нь малчид хохирох нөхцөл байдлыг үүсгэх болсон хэмээн сайд Р.Бурмаа хэллээ.

“Хоршооны гишүүн биш” гэсэн үндэслэлээр 2014 онд 18,1 мянган малчин өрх үйлдвэрт тушаасан 2,6 мянган тонн ноосондоо 2.8 тэрбум төгрөгийн, 7,2 мянган малчин, мал бүхий этгээд үйлдвэрт тушаасан 148,2 мянган арьс, ширний урамшуулал болох 617,5 сая төгрөгийн урамшууллыг авч чадаагүй бол 2015 онд 7481 малчин өрх үндэсний үйлдвэрт бэлтгэн нийлүүлсэн 1,1 мянган тонн ноосонд 1,1 тэрбум төгрөгний мөнгөн урамшууллыг авч чадахгүйд хүрээд байгаа аж. Үүнээс үүдэлтэйгээр малчдаас Үндсэн хуулиар олгогдсон “үл ялгаварлах” эрх ашиг зөрчигдөж байна гэсэн гомдол, маргааныг үүсгэх болжээ.

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2016 оны батлагдсан төсвийн багцад урамшуулалд олгох санхүүжилтийг шийдвэрлэсэн тул энэхүү тогтоол батлагдсанаар ноосны урамшуулалтай холбоотой төсөвт ямар нэгэн ачаалал үүсэхгүй гэлээ.

Эдийн засгийн байнгын хороо тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Батбаяр танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр асуулт асууж, А.Тлейхан, Н.Энхболд, Д.Ганбат, Н.Номтойбаяр, А.Бакей нар байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа

Дараа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат танилцууллаа.

Хууль зүйн байнгын хороо 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэр томьёог жигдлэх болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Тухайлбал, хуулийн нэрийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль” гэж өөрчилж, хэргийн бодит үнэнийг тогтоох зарчмыг шинээр томьёолж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох эрх зүйн үндсийг тодорхой болгон, өмгөөлөгчийн үйл ажиллагаа явуулах баталгааг хуульчилсан заалт шинээр тусгасан хэмээн Байнгын хорооны дарга танилцуулгадаа дурдсан юм.

Түүнчлэн зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх нөхцөлийг нарийвчлан зааж, шүүгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа тухайн шүүхийн харьяалах аймаг, нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт байгаа цагдан хорих байранд цагдан хорихоор шийдвэртээ заадаг байх, яллагдагчийн цагдан хоригдож байгаа газрыг өөрчлөн өөр газар шилжүүлэх тодорхой үндэслэл болон цагдан хорих байранд нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлийг тодорхой зааж өгсөн байна.

Мөн нотлох баримттай холбоотой заалтуудыг боловсронгуй болгож, энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй байх, эрэн сурвалжлах нууц ажиллагаагаар олж авсан баримт, мэдээллийг үнэлэхтэй холбоотой заалтуудыг тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр асуулт асууж, хариулт авсаны дараа Байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэн, УИХ-ын тогтоолыг баталлаа

Мөн өдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”-ийг хэлэлцлээ.

Үндсэн чиглэлийн биелэлтийн талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулав.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 91 арга хэмжээний 65 арга хэмжээ нь хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай байгаагаас 50 арга хэмжээг улсын төсвөөр, 5 арга хэмжээг гадаад эх үүсвэрээр, 6 арга хэмжээг концессын гэрээгээр, 1 арга хэмжээг хувийн хөрөнгөөр, 4 арга хэмжээг бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр туссан байна.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн нийт 91 арга хэмжээнээс 27 арга хэмжээ 100 хувь буюу бүрэн биелж, 23 арга хэмжээ нь 90 хувь, 20 арга хэмжээ нь 70 хувь, 11 арга хэмжээ нь 50 хувь, 6 арга хэмжээ нь 30 хувь, 3 арга хэмжээ нь 10 хувийн биелэлттэй байна хэмээн тэрбээр танилцуулсан.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Батхүү танилцуулав.

Эдийн засгийн байнгын хороо бусад байнгын хороодоос ирүүлсэн санал, дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулж УИХ-аас гаргах тогтоолын төслийг боловсруулсан байна. Ерөнхий сайдын танилцуулга болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоолын төслийг эцэслэн баталлаа.

Түүнчлэн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталлаа.

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан цаг сунган үргэлжилж Хууль сахиулах ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж