Г.Отгонцэцэг Алматыгийн гран-прид түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2016.05.13-нд нийтлэгдсэн

Г.Отгонцэцэг Алматыгийн гран-прид түрүүллээ

Казахстаны Алматы хотноо өнөөдөр жүдо бөхийн олимпийн эрх  олгох Гранпри тэмцээн эхэллээ. Энэ өдөр манай тамирчдаас эмэгтэй 52 кг-ын жинд А.Цолмон шагналт VII байр эзэлсэн бол эрэгтэй 60 кг-д Д.Амартүвшин гуравдугаар тойргоос, эмэгтэй 52 кг-д М.Бундмаа хоёрдугаар тойргоос тэмцээнээ өндөрлүүллээ. Мөн эрэгтэй 60 кг-д олимпийн наадамд орох эрхээ аваад байгаа Ц.Цогтбаатар жингээр хасагджээ.

Тэгвэл эмэгтэй 48 кг-ын жинд Казахстан улсын тамирчин Г.Отгонцэцэг алтан медаль хүртлээ. Тэрээр Вьетнам, Франц, Украины жүдочдыг хожиж, финалд 2015 оны залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт БНСУ-ын Бо Кёонг Жонгийг торгуулиар хожлоо.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу маргааш эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас эрэгтэй 73 кг-д Гавьяат тамирчин С.Ням-Очир, 81 кг-д Н.Дагвасүрэн, эмэгтэй 63 кг-д Ц.Цэрэннадмид, 70 кг-д Ц.Наранжаргал нар барилдана.

Олимпийн эрхийн оноо олгох тус тэмцээнд дэлхийн 83 орны 396 жүдоч өрсөлдөж байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж