Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2016.05.13-нд нийтлэгдсэн

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг цаг сунган үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 72.7 хувийн саналаар дэмжин баталлаа.

Ингэхдээ УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа.

Үүнд,

  • Мөрдөгч эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх зорилгоор эрэн сурвалжлах ажиллагааг өөрийн санаачилгаар, эсхүл шүүхийн шийдвэр, прокурорын даалгавраар  явуулна.

  • Шүүхийн шийдвэрт заасан бол зорчих эрхийг түр хугацаагаар хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих байгууллага нь яллагдагчид  хяналтын  төхөөрөмж  ашиглан хяналт тавина.

  • Яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч барьцааны мөнгөн дүнг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

  • Эрүүгийн хуульд найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.

  • Өсвөр насны яллагдагч, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй яллагдагч, жирэмсэн яллагдагчид энэ хуулийн 13.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан үндэслэл, эсхүл урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдсэн бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.

  • Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор шүүх энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд нийцүүлэн шүүгдэгчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.

  • Бичмэл нотлох баримтыг эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол мөрдөгч, прокурор тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна.

  • Мөрдөгч төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулан хэрэгт хавсаргана.

  • Мөрдөгч төрийн байгууллагад иргэн, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээлэл, өргөдөл шалгах, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, хууль сахиулах, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалт хийх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулан ирүүлсэн бол нотлох баримтаар тооцож болно.

  • Мөрдөгч, прокурор хэргийн бодит үнэнийг тогтооход сөргөөр нөлөөлнө гэж үзвэл энэ зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг хураан авах ажиллагаа явуулна.

  • Яллагдагчид гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадахыг хориглоно.

  • Прокурор энэ зүйлийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан яллагдагчийн хүсэлтийг хүлээн авсан даруй хэргийн материалтай танилцаж дараахь нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг шалгана.

1.1.гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн;

1.2.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан;

1.3.гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон.

  • Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ял, хэрэглэх албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээний талаар бичсэн саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулна.

  • Яллагдагч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан, эсхүл хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан, хэргийн зүйлчлэл, оногдуулах ял, хэрэглэх албадлагын арга хэмжээний талаар санал зөрсөн, эсхүл энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй бол хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр прокурор тогтоол гаргана гэсэн саналууд тус бүр олонхийн дэмжлэг хүлээж, хуульд суулаа.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдтэй холбогдож гарсан зарчмын зөрүүтэй саналаар гишүүдээр санал хураалгаж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж