Саяхан Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд буриад “БҮХЭ-2016” бөхийн баяр боллоо. Энэхүү бөхийн баяр нь “Буриад хэлээрээ хөөрөлдөе, Бөхийн соёлоо дээдлэе, Бөх барилдая, Мод тарья” гэсэн уриатай. Уг баярыг тус сумын уугуул улсын начин Г.Пүрэв-Очир санаачлан зохион байгуулдаг юм байна.
Хоёр насны (сургуулийн)ангилалаар 100 шахам хүүхдүүд багийн аваргын төлөө барилдаж, Цагаан-Овоо, Баяндун сумынхан амжилттай оролцлоо. Оролцсон багууд 70 шахам модны суулгац авчирч тарьж, нутаг, нутгийн чулуу авчирч Цагаан-Овоо хэмээх уулын оргилд “Бөхийн овоо” босголоо. Бөхийн овоонд улсын цолтой 3, аймгийн арслан 4, сумын цолтой 10 гаруй бөхчүүд хүндэтгэл үзүүллээ. Баярын нээлтийн ажиллаанд зориулж, сумын сургуулийн сурагчид концерт тоглов. Мөн МУУГЗ В.Боролдойн ая, Үг Доктор С.Алтанцэцэгийн үг “Буриад бөхийн дуу”-г дуулцгаав.
Дараагийн бөхийн баярыг Хэнтий аймгийн Батширээт суманд зохион явуулахаар болов.
Энэ дашрамд дуулгахад: Г.Пүрэв-Очир начин буриад бөхийн барилдааныг сэргээн хөгжүүлэхэд ихээхэн хичээн зүтгэж, Цагаан-Овоо сумын баяраар 2005 онд монголдоо анхны буриад бөхийг барилдуулж, 2006 оноос Улаан-Үд хотод болсон “Алтаргана” наадмын хөтөлбөрт оруулсандаа сэтгэл хангалуун явдаг бололтой.
Гантөр МҮБХ-ны менежер