УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос ирүүлсэн саналын томъёоллоор санал хураалгаж байгаа юм.
Санал хураалт эхлүүлэхийн өмнө УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нар Хууль сахиулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Ерөнхий сайдад хандан захидал бичсэн нь хэвлэлээр цацагдаж эхэлсэн учраас энэ талаар холбогдох агентлагийн дарга нарыг байлцуулж асуудлыг нь сонсох шаардлага байна” гэв.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Ажлын хэсгийн төвшинд энэ асуудлыг яриад ойлголцсон. Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нар өөрсдөө уг хуралдаанд оролцсон. Захидал нь цаг хугацааны тухайд хожуу хэвлэлээр гарсан юм болов уу. Түүнийг мэдэхгүй байна” гэсэн тайлбар хийсэн юм.
Ерөнхий сайдад хандан бичсэн захидалд “Гүйцэтгэх ажилд холбогдох зохицуулалтыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцүүлж, мэргэжлийн байгууллагын саналыг тусгаагүйгээс үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагуудын чадамжийг сулруулах, хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулах зохицуулалт тусгагдсан байна…” гэж бичсэн байсан юм.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд дараах саналууд дэмжлэг хүлээжээ. Үүнд
“мөрдөн шалгах нууц ажиллагаа”-г гэж шүүх, прокурорын зөвшөөрлөөр нууцаар явуулах, энэ хуульд заасан ажиллагааг гэж тодорхойлов,
прокурорын байгууллагын дэргэдэх дэмжлэг үзүүлэх алба нь Улсын ерөнхий прокурорын газрын дэргэд байж, мөрдөн шалгах тодорхой төрлийн ажиллагаа явуулдаг байх,
мөрдөгч төрийн байгууллага иргэн, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээлэл, өргөдөл шалгах, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх, хууль сахиулах мэргэжлийн байгууллага хяналт шалгалт хийх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулан ирүүлсэн бол нотлох баримтаар тооцож болох,
хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан Хууль сахиулах ажиллагааны тухай хуульд заасны дагуу явуулсан эрэн сурвалжлах нууц ажиллагааны үр дүн болох баримт мэдээллийг нотлох баримтаар тооцож болох,
яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө прокурорт гаргах, Эрүүгийн хэргийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байх,
мөрдөгч мэдүүлгийг тусгай өрөөнд авах, эсхүл тухайн хүний байгаа газарт очиж авах. Мэдүүлэг авах өрөөний стандартыг Улсын ерөнхий прокурор батлах,
прокурор анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхэд хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалах,
хяналтын шатны шүүх хэргийг прокурорт буцаахаар заасан байсныг анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаадаг байхаар өөрчилжээ.
Эдгээр саналууд чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжлэг хүлээгээд байна.
Санал хураалт үргэлжилж байна.
Г.ДАРЬ