“TUI” өдөрт таван сая паунд алдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

“TUI” өдөрт таван сая паунд алдаж байна

Европын хамгийн том агаарын нислэгийн оператор “TUI Travel” компани Исландын галт уулын дэлбэрэлт, утааны эрсдэлтэй холбогдуулан нислэгээ хориглосноос болж одоогийн байдлаар 20 гаруй сая паундын алдагдал хүлээгээд байгаа бөгөөд нислэг зогссон өдөр тутамд 5-6 сая паундын алдагдал хүлээж байна гэж мэдэгдэж байна. Ням гаригийн байдлаар тус компанийн нислэгүүдэд тасалбар авсан ч нисч чадаагүй зорчигчдын тоо 100 мянгад хүрээд байна. Агаарын нислэгийн бусад операторуудтай хамтран нислэгийг дахин явуулж эхлэх асуудлаар зохицуулалт, захиргааны байгууллагуудтай ярилцаж байна гэж мэдэгдсэн.

Зураг: Даваа гаригийн байдлаар дэлбэрэлтийн тоосонцор Европын агаарын орон зайд зургаан км-ын өндөрт тархсан байна

Даваа гариг гэхэд Европын агаарын орон зайн 50 орчим хувь нь нисэхэд аюулгүй болох болно гэж Европын холбооны Тээврийн комиссын дарга Siim Kallas ярьсан. Исландад галт уул дэлбэрсэн нь агаарын тээврийн үйл ажиллагаанд өмнө учирч байгаагүй асуудал үүсгэсэн. Европын 17 орон агаарын орон зайгаа үүнээс болж хаагаад байгаа. Галт уулын дэлбэрэлтээр агаар мандалд дэгдсэн элс, шил, чулууны хэлтэрхий нь нисэх онгоцонд гэмтэл учруулж магадгүй гэж аюулгүй байдлын мэргэжилтнүүд болгоомжлуулж байгаа юм. Өнгөрсөн пүрэв гаригийн байдлаар Европт 63 мянган нислэг цуцлагдаад байна гэж Европын агаар мандлын зохицуулах агентлаг Евроконтрол мэдээлсэн. Ням гаригт дунджаар 24 мянган нислэг Европын агаарын орон зайд хийдэг бол өчигдөр ердөө таван мянган нислэг л хийсэн байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж