Тамирчид яагаад мельдониумаас татгалзах ёстой вэ?

Хуучирсан мэдээ: 2016.05.13-нд нийтлэгдсэн

Тамирчид яагаад мельдониумаас татгалзах ёстой вэ?

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс Дэлхийн допингийн эсрэг агентлагийн /WADA/ хориглосон эмийн жагсаалтад бүртгэгдсэн мельдониум/милдронат өнөөдрийн байдлаар теннисчин Мария Шарапова, уран гулгагч Екатерина Боброва нарын 120 гаруй тамирчны шинжилгээнээс илэрчээ.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос өчигдөр гэхэд чөлөөт, сонгомол бөхийн төрөлд олимпийн эрх авсан зарим тамирчин сэргээшийн шалгуурт бүдэрсэн тухай зарлаж, тэдний эрхийг цуцалснаа мэдэгдлээ. Дөрвөн орны долоон бөхийн тухай асуудал яригдаж байгаа энэ дуулианд Монголын тамирчин Э.Сумъяагийн нэр багтсан нь энд ч бас шуугиан болж байна.

Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин Э.Сумъяа

Спорт, хөгжлийн төвийн дэргэдэх Спортын анагаах ухааны албаны дарга Ч.Насанбатын мэдэгдсэнээр Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин Э.Сумъяагийн оролцсон Олимпийн эрх олгох сонгон шалгаруулах тэмцээний шинжилгээний хариу эерэг гарч, мельдониум 0.7 микрограмм илэрчээ. Энэ тэмцээн 2016 оны гуравдугаар сарын 18-нд болсон юм. Тэрбээр мөн "Монголын шигшээ багийн тамирчид зүрх системийн өөрчлөлттэй, тэр нь албан ёсоор шинжилгээ оношилгоогоор тогтоогдсон үед энэ эм бэлдмэлийг хэрэглэж байсан нь үнэн. Гэхдээ 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш дахин хэрэглээгүй” гэж мэдэгджээ.

Мельдониумыг арав гаруй жил эмчийн заавраар хэрэглэж байсан Мария Шарапова шинжилгээний хариу эерэг гарсны дараа “Уг эмийг хориглох эмийн жагсаалтад оруулах гэж буйгаа WADA өмнө нь мэдэгдээгүй” гэж буруутгаж байсан удаатай. Гэхдээ тэр допингийн асуудалд орооцолдсондоо хөгжөөн дэмжигчдээс уучлалт гуйж, алдаагаа хүлээн зөвшөөрч, карьераа ийм байдлаар дуусгахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн. Өнгөрсөн гуравдугаар сард Мария Шараповаг мельдониум илэрсэн долоо дахь тамирчнаар зарласны дараахан ОХУ-ын уран гулгалтын тамирчин Екатерина Бобровагийн сэргээшийн шинжилгээний хариу мөн эерэг гарч, олныг гайхашруулсан юм.

Екатерина Боброва сэргээшийн хариу сонсоод ихэд цочирдсон гэдэг. Учир нь, тэр мельдониумыг хориглох эмийн жагсаалтад оруулсныг сайн мэдэж байсан төдийгүй хориотой эм бэлдмэлээс үргэлж зайлсхийж ирснээ ярьсан байв. Мельдониум хэрэглэхийг түр хугацаагаар хориглоод буй тамирчдын дунд гүйлтийн тамирчин Абеба Арегави, Этиопийн холын зайн гүйлтийн тамирчин Нэгэсси, ОХУ-ын дугуйчин Эдуард Ворганов, Украины биатлонч Ольга Абрамова, Артем Тишенко нарын нэрс ч мөн багтжээ.


МЕЛЬДОНИУМ БА ХОРИГЛОСОН ЖАГСААЛТ

Олон арван тамирчны нэр холбогдогдоод байгаа “Мельдониум” бол Латвийн эм үйлдвэрлэгч ”Гриндекс” компанийн бүтээгдэхүүн. Ихэвчлэн зүүн Европын орнуудад цус багадалтын үед хэрэглэдэг.  WADA 2015 оноос энэ эмийг хориотой жагсаалтад нэмэх тухай хэлэлцэж байгаад 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс сэргээшийн төрлийн эм бэлдмэлийн тоонд оруулж, тамирчид хэрэглэхийг хориглосон юм.

Мельдониумыг зүрх, судасны үйл ажиллагааг дэмжих зорилгоор хэрэглэдэг. Тэр утгаараа WADA ядралтыг багасгах агуулгаар буюу шударга бус аргаар бие махбодь, бодисын солилцоогоо эрчимжүүлэх боломжтой гэж үзэн, түүний хэрэглээг хоригложээ. Мелодониум нь хүний биед нийлэгждэггүй буюу энгийнээр тайлбарлахад биед огт байдаггүй бодис учраас нэгэнт шээсэнд тодорхойлогдсон л бол ямар хэмжээтэй байхаас хамаарахгүйгээр допинг хэрэглэсэнд тооцдог байна.

Допингийн төрөлд тооцдог эм, бэлдмэлийн буюу WADA-гийн “Хориглосон жагсаалт” нь тамирчдын бүх цаг үеийн туршид хэрэглэхийг хориглосон, зөвхөн тэмцээний үед хэрэглэхийг хориглосон, тухайн спортоос хамааруулан хэрэглэхийг хориглосон бодис ба аргууд гэсэн гурван хэсгээс бүрддэг. Үүгээр бол мельдониум инсулинтэй адил үйлчилгээтэй буюу WADA-гаас гаргасан “Бүх цаг үеийн турш хэрэглэхийг хориглосон” бодисын Гормон, бодисын солилцоог идэвхижүүлэгч /S4/ ангилалд багтжээ.

 ТАМИРЧДАД БҮХ ЦАГ ҮЕИЙН ТУРШ ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БОДИС: 

S0  БАТЛАГДААГҮЙ БОДИС

S1  АНАБОЛИК СТЕРОИД

S2  ПЕПТИД, ӨСӨЛТИЙН ГОРМОН

S3  БЕТА 2 АГОНИСТ

S4 ГОРМОН, БОДИСЫН СОЛИЛЦОО ИДЭВХИЖҮҮЛЭГЧ

S5 ШЭЭС ХӨӨХ БОДИСУУД


 МОНГОЛЫН ТАМИРЧИД БА ДОПИНГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ 

Монгол Улс допинг хэрэглэдэг улсын хар дансанд 1972 онд бүртгэгдсэн байна. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 30 шахам тамирчин олимп, тив дэлхийн чанартай тэмцээн, үндэсний их баяр наадмын үеэр авсан допингийн шинжилгээнд бүдэрч, хариу эерэг гарч байжээ.

Харин ОУОХ-ны гишүүнийхээ хувьд 1999 оноос эхлэн допингийн эсрэг санаачлагад нэгдэж, үндэсний их баяр наадамд оролцсон бөхчүүдээс анх удаа өөрсдөө бие даан допингийн шинжилгээ авчээ. Түүнээс хойш 16 жил өнгөрсөн ч одоог хүртэл тамирчдын мэдлэг мэдээлэл, допинг хэрэглэсэн тамирчныг зарлахад хүлээн авах олон нийтийн сэтгэл зүй ч хангалттай хэмжээнд хүрээгүй байна. Хамгийн наад захын жишээ гэхэд, шинжилгээ өгөхөөс зайлсхийх, эрхээ хасуулсан тамирчинтай хамт бэлтгэл хийх нь хүртэл Допингийн эсрэг дүрмийн зөрчилд тооцогддог ажээ.

WADA-гийн Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана. Одоо манай тамирчны хувьд эхний ээлжинд мельдониумыг ямар зорилгоор, ямар шалтгаанаар хэрэглэснээ албан ёсоор тайлбарлах ёстой.

Монголын чөлөөт бөхийн холбоонд яг ямар утга агуулгатай албан бичиг ирсэн, хэрэв А сорьцын хариуг танилцуулж, В сорьц өгөхийг сануулсан бол МЧБХ түүнд ямар хариу өгсөн, үнэхээр Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо алдаа гаргаж, цаг тулгаж мэдээлэл ирүүлсэн үү, WADA шийдвэрээ эргэн харж, экспертүүдийнхээ дүгнэлтийг өөрчлөх үү гэдгээс хамаарч РИО-2016 олимпийн наадамд оролцох эрхээ хасуулаад байгаа чөлөөт, сонгомол бөхийн тамирчдын асуудал шийдэгдэхээр харагдаж байна.  

Б.БАДАМГАРАВ


Допингтой холбоотой ойлголтыг дэлгэрэнгүй өгөх үүднээс “Допингийн эсрэг дүрмийн зөрчил”-ийг дор нийтлэв.

ДОПИНГИЙН ЭСРЭГ ДҮРМИЙН ЗӨРЧИЛ:

Дэлхийн допингийн эсрэг дүрмэнд зааснаар допинг хэрэглэх гэж уг дүрмийн 2.1-2.10 д заасан буюу дор дурдсан заалтуудыг зөрчсөнийг хэлдэг. Допингийн эсрэг дүрмийг зөрчсөн буюу допинг хэрэглэсэн гэж тооцох үндэслэлийг шинжилгээний ба шинжилгээний бус хэмээн хуваадаг. Дүрмийн 2.1-т заасан үндэслэлийг шинжилгээний зөрчил гэдэг бол бусад 7 заалтыг шинжилгээний бус гаралтай зөрчил гэдэг.

2.1 Тамирчны дээжнээс хориглосон бодис, эсхүл түүний хувирал буюу шинж тэмдэг илэрсэн. 

2.1.1 Өөрийнхөө биед хориглосон бодис шингээхгүй байх нөхцөл байдлыг хангах нь тамирчны хувийн үүрэг мөн. Түүний дээжээс хориглосон бодис, эсхүл түүний хувирал буюу шинж тэмдэг илэрсний хариуцлагыг тамирчин өөрөө хүлээнэ. 2.1-д заасны дагуу Допингийн эсрэг журам зөрчигдсөн эсэхийг тогтооход тамирчин тэдгээрийг хэрэглэх болсон санаа, гэм буруу, хайхрамжгүй эсхүл зориудаар хэрэглэсэн эсэхийг нотлох шаардлагагүй.

2.1.2 Дараахи тохиолдлуудад допингийн эсрэг дүрмийн 2.1 заалт зөрчигдсөн нь нотлогдсон гэж үзнэ. Үүнд: тамирчны А сорьцонд Хориотой бодис, түүний дүрс хувирал, шинж тэмдэг илрэх ба тамирчин Б сорьцоо шинжлүүлэхээс татгалзснаар Б сорьц шинжлэгдээгүй. Эсвэл тамирчны Б сорьц шинжлэгдэж, Б сорьцын дүн нь А сорьцод олдсон хориотой бодис, түүний дүрс хувирал, шинж тэмдэг илэрсэн болохыг дахин батлах

2.1.3 Дээрхи бодисоос гадна хориглосон жагсаалтанд хэмжээг нь тухайлан заасан аль нэг хориглосон бодис, түүний дүрс хувирал, шинж тэмдэг тамирны дээжинд илэрвэл допингийн эсрэг дүрмийг зөрчсөн гэж үзнэ.

2.1.4 2.1 бүлгийн ерөнхий дүрмийн дагуу Хориглосон жагсаалт эсвэл олон улсын стандартад тухайн хориглосон бодисноос өөрөөс нь гаргаж авдаг бодиснуудыг үнэлэх тусгай шалгуурыг баталж болно.

2.2 Хориглосон бодис, эсхүл хориглосон арга хэрэглэх буюу хэрэглэхийг завдах

2.2.1 Өөрийнхөө биед хориглосон бодис шингээхгүй байх нөхцөл байдлыг хангах нь тамирчны хувийн үүрэг мөн. Төлөвлөж, санамсаргүй, үл тоомсорлож, эсвэл зориудаар хэрэглэсэн эсэхээс үл хамааран тамирчин Хориотой арга, хориотой бодис хэрэглэсэн гэсэн допингийн эсрэг дүрмийг зөрчсөнд тооцно.

2.2.2 Хориотой бодис, хориотой арга хэрэглэсэн эсвэл хэрэглэхийг оролдсон нь амжилтай эсвэл амжилтгүй болсон эсэх нь баримт болохгүй. Харин Хориотой бодис эсвэл хориотой арга хэрэглэсэн эсвэл хэрэглэхийг оролдсон нь допингийн эсрэг дүрмийн зөрчил болно.

2.3 Допингийн эсрэг журамд тусгайлан эрх олгосноос бусад тохиолдолд мэдэгдэл өгснөөс хойш ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр дээж өгөхөөс татгалзсан, эсхүл өгөөгүй бол түүнээс бусад байдлаар зайлсхийсэн гэж үзнэ. 

2.4 Шинжилгээ авах олон улсын стандартад заасны дагуу шинжилгээнд хамрагдаагүй буюу өөрийн оршин байгаа газрынхаа талаархи шаардлагатай мэдээлэл өгөхөөс зайлсхийх зэргээр тэмцээнээс гадуур шинжилгээнд хамрагдахгүй байхыг журам зөрчсөн гэж үзнэ. Шинжилгээнд хамрагдаагүй байх эсвэл байршлын тухай мэдээллээ өгөхгүй байх заалтыг Допингийн эсрэг байгууллагын тооцсон 12 сарын хугацаанд 3 удаа зөрчвөл тамирчныг допингийн эсрэг дүрэм зөрчсөн гэж үзнэ.

2.5 Допингийн хяналтын аль нэг хэсэгт хөндлөнгөөс оролцох буюу хөндлөнгөөс оролцохоор завдах 

2.6 Хориглосон бодис болон аргыг эзэмших:

2.6.1  4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (эмчилгээний хэрэглээ)-ийн дагуу эмчилгээний зорилгоор зөвшөөрөл олгогдсон буюу өөр бусад хүлээж авахуйц шалтгаан байгаа зэргээс бусад тохиолдолд тэмцээнээс гадуурхи шинжилгээ болон Хориглосон арга зэрэгт хориглосон бодисыг хэзээ нэгэн цагт ашиглах.

2.6.2 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (эмчилгээний хэрэглээ)-ийн дагуу эмчилгээний зорилгоор зөвшөөрөл олгогдсон буюу өөр бусад хүлээж авахуй шалтгаан байгаа зэрэг шалтгааныг тамирчныг дэмжих ажилтан тогтоосноос бусад тохиодолд тамирчин, уралдаан болон дасгал сургуулилт хариуцсан тамирчныг дэмжих ажилтны зүгээс хориглосон тэмцээнээс гадуурхи шинжилгээ болон Хориглосон арга зэрэгт хориглосон бодисыг ашиглах.

2.7 Аливаа хориглосон бодис, эсхүл аргыг худалдах худалдахыг завдах

2.8 Хориглосон бодис болон хориглосон аргын талаар тамирчныг удирдах буюу удирдлагын арга хэмжээ авахаар завдах, эсхүл Допингийн эсрэг журмын зөрчил буюу зөрчихийг завдсан, дэмжсэн, зоригжуулсан, тусалсан, турхирсан болон хамгаалсан.

2.9 Хамтран үйлдэх

Туслах, турхирах,дэмжих, хавсрах, хуйвалдах, нуун далдлах болон бусад хэлбэрээр допингийн эсрэг дзрэм зөрчиход хамтран оролцох,бусад этгээдийн оролцоотойгоор допингийн эсрэг дүрэм зөрчихийг оролдох, дүрмийн 10.12.1 заалтыг зөрчих

2.10 Хориглосон харилцаа

Тамирчин эсвэл бусад этгээд  мэргэжлийн болон спорттой холбоотой үйл ажиллагаанд Допингийн эсрэг байгууллагын эрх хэмжээнд хамаарах доорхи шалгуурыг хангасан хэн нэгэн тамирчин дэмжигч этгээдтэй хамтран ажиллах

2.10.1 Допингийн эсрэг байгууллагын эрх хэмжээнд хамаарах эрх хасуулах шийтгэл эдэлж байгаа бол

2.10.2 Хэрэв допингийн эсрэг байгууллагын эрх хэмжээнд хамаарахгүй бол үр дүнгийн зохицуулалт дүрмийн дагуу хийгдэж байгаагийн улмаас эрх хасах шийтгэл хараахан зарлагдаагүй болон дүрмийн заалтыг хэрэглэх боломжтой байхад гэмт хэргийн болон сахилгын шинжтэй зөрчил илэрсэн. Тухайн этгээд гэмт хэрэг, сахилгын зөрчлийн улмаас 6 жилээс доошгүй хугацаагаар шийтгэл авч, тэр нь хүчин төгөлдөр болсон  

2.10.3  2.10.1, 2.10.2  заалт тодорхойлогдон үйлчилж байгаа үед энэ заалтыг хэрэглэхтэй холбоотойгоор тамирчин эсвэл бусад этгээд Допингийн эсрэг байгууллагаас тамирчин болон бусад этгээдтэй эсвэл Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагтай тамирчин болон бусад этгээдийн эрх хязгаарлагдсан,  хориглосон харилцааны бодит урхаг,тамирчин болон бусад этгээд энэ харилцаанаас зохистойгоор татгалзаж болох тухай бичгээр  урьдчилан зөвлөгөө авах шаардлагатай.Допингийн эсрэг байгууллага тамирчин, тамирчинг дэмжих этгээдэд мэдэгдэх боломжит арга хэмжээг авах бөгөөд тухайн тамирчинг дэмжигч этгээд 15 хоногийн дотор 10.2.1-т хамаарах шалгуурыг Допингийн эсрэг байгууллагад тайлбарлах ба 2.10.2 заалтыг түүнд хэрэглэхгүй. Харин 17 дугаар бүлэг болон 25 дугаар бүлэгт заасан хүчинтэй хугацаанаас өмнө  тамирчныг дэмжигч этгээд эрх хасуулсан бол энэ заалтыг хэрэглэнэ. 

Энэ заалт нь тамирчныг 2.10.1, 2.10.2 т тодорхойлсноос бусад тохиолдолд тамирчинг дэмжих этгээдтэй харилцаа үүсгэхийг хориглохгүй. Допингийн эсрэг байгууллага тамирчинг дэмжигч этгээд 2.10.1, 2.10.2 т заасан шалгуурыг хангасан тухай мэдээллийг Дэлхийн Допингийн эсрэг байгууллагад  илгээнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж